АНУ тэргүүтэй 7 орон ОХУ-ыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-03 13:34:28

ВАШИНГТОН. /NHK/. АНУ, Турк тэргүүтэй долоон орон ОХУ-ын Сири дэх ажиллагааг буруушааж, агаарын цохилтын бай “Лалын улс” биш гэж мэдэгдсэн байна.

АНУ, Франц, Герман, Катар, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмирт Улс баасан гарагт Туркийн Гадаад хэргийн яамтай хамтарсан мэдэгдэл хийжээ.

Сири дэх ОХУ-ын цэргийн оролцоо тэр дундаа Сирийн Хама, Хомс, Идлиб зэрэг бүс нутагт өгсөн агаарын цохилтод ихээхэн түгшиж байгаагаа тэд илэрхийлсэн байна.

Агаарын цохилтод “Лалын улс” бүлэглэлийн босогчид биш энгийн иргэд өртөж байна гэж тэд мэдэгджээ. Мөн ОХУ-ын энэ ажиллагаа нөхцөл байдлыг даамжруулж, хэт давруу үзлийн үндэсийг тавьж байна гэв.

Сирийн сөрөг хүчин болон энгийн иргэдийг чиглэсэн ажиллагаагаа зогсоож, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх арга хэмжээнд анхаарлаа хандуулахыг тэд ОХУ-д уриалсан байна.

Агаараас цохилт өгөх ажиллагаа бол “Лалын улс” бүлэглэлийг устгах зорилготой гэж ОХУ мэдэгдсэн боловч дээрх долоон орон ОХУ-ын агаарын цохилтыг "Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадтай тэмцэх Засгийн газрыг эсэргүүцэгч хүчний эсрэг ажиллагаа" гэж үзэж байна.

АНУ тэргүүтэй эвсэл болон ОХУ-ын дунд томоохон зөрчилдөөн байгааг энэ мэдэгдэл харуулж байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд