Манай улсад сүүлийн 5 жилд 700 гаруй ой, хээрийн түймэр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-08-25 15:03:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад сүүлийн 5 жилд 700 гаруй ой, хээрийн гал түймэр гарч, үүнд 44.2 сая га талбай шатаж, 160 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.


Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйлдлийн нөлөөгөөр Монголд төдийгүй дэлхий дахинд гамшгаас учрах хохирол, тааламжгүй үр дагавар улам бүр нэмэгдсээр байгааг “Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа” эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн Газар зүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл онцолж байлаа.

Тухайлбал, түймрийн тархалт хамгийн их 43 оронд сүүлийн 5 жилд дунджаар 3 сая орчим ой, хээрийн гал түймэр гарч, үүний улмаас 23 мянга гаруй хүн амь насаа алдсан тоо баримт байдаг аж.


Манай орны нийт нутгийн 55,3 хувь нь ой, хээрийн түймэр гарч болзошгүй бүсэд бий. Ой, хээр бүхий нутгийн 98,5 хувь нь гал түймрийн эрсдэлийн 1 ба 2 дугаар ангилалд багтдаг. Ой, хээрийн түймрийн 60 гаруй хувь нь намар, хавар ихэвчлэн 4-5 дугаар сард гардаг байна. 2020 онд гэхэд ой хээрийн гал түймэр нийслэл болон 15 аймгийн 74 суманд нийт 142 удаа ой, хээрийн түймэр гарч 9549,3 га ой, 234.762 га хээр, нийт 245.311 га талбай түймэрт өртөж, 3.2 тэрбум төгрөгийн хохирол учирсаныг хурлын үеэр ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн архив бичиг хэргийн эрхлэгч Д.Нарантуяа танилцуулсан юм.


“Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа”-ны дүнд сансрын зургаас түймэрт шатсан талбайг ялган зураглахад шатсан талбайн хэмжээ 1164.27км квадрат байгаагаас 65 хувь нь сул, 34.7 хувь нь бага-дунд, 0.3 хувь нь өндөр-дунд зэрэглэлийн ангилалд багтжээ. Газрын бүрхэвчийн ангиллаар хээрийн бүс нутагт түймрийн хэмжээ, давтамж их байна. Монголын Дорнодын тал, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зүүн Байран хошуу, Шинэ байран хошууны нутагт түймэр хамгийн их гарчээ. Судалгаанаас харахад сүүлийн 16 жилд судалгааны талбайн 49.9 хувь нь түймэрт өртсөн бөгөөд газрын бүрхэвчийн ангиллаар 85 хувь нь хээрийн бүсэд гарчээ. Хиймэл дагуулын өгөгдөл ашиглан тооцоход түймэрт өртсөн талбайн 87,6 хувийг Монгол Улсад 12,4 хувийг ОХУ-ын нутагт гарч, 7181.52 га ой шатсан аж. 


БШУЯ, МУИС, Шинжлэх ухаан технологийн сан, БНХАУ-ын Зүүн хойдын их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль хамтран “Монголын тэгш өндөрлөгийн ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн судалгаа”-г хийхдээ Монгол орны зүүн өмнөд хэсэгт, байгалийн тал хээрийн бүс болох Шилийн богд уулсын орчимд гарсан түймрийн орчныг сонгон авчээ. 

Холбоотой мэдээ