ДАРХАН-УУЛ: “Дөл-2022” тэмцээнд “Бурхантын дайчид” тасаг оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-26 19:22:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолборт тэмцээнд "Од" цогцолбор сургуулийн 11,12 дугаар ангиас хүүхдүүд нэгэн зорилгын дор эвлэлдэн нэгдэж “Бурхантын дайчид” тасгийг бүрдүүлэн оролцож байна.

Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван үе шаттай зохион байгуулагддаг аж. “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн “Гарааны өмнөх ажиллагаа” болон “Марш, гүйлтийн тэмцээн” гэсэн хоёр төрлөөр өрсөлдөнө.


Гарааны өмнөх ажиллагаагаар 21 аймаг, найман дүүргийн шилдэг баг тамирчид жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, эссэ бичлэгийн уралдаан, галын бэлтгэлийн нормативыг гүйцэтгэж, Монголын түүх, цэрэг-эх орны сэдэвт асуулт хариултын тэмцээн, гэрийн даалгавар буюу нийгэмд зөв үлгэрлэл үзүүлэх сайн үйлс, байгаль орчноо хайрлан хамгаалах, түүх, соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн зохиомжит тоглолтыг өргөн барьсан бол “Марш, гүйлтийн тэмцээн”-ээр тасгууд сугалааны дарааллаар тус бүр 15 минутын зайтай гараанаас гарч зургаан км замыг туулна.


“Дөл-2022” тэмцээнд оролцогчдын дийлэнх нь спортын цол зэрэгтэй бөгөөд цэргийн өмнөх насны залуусын бие бялдар, тэсвэр хатуужилд чиглэсэн онцгой ач холбогдолтой арга хэмжээ аж. Тэмцээн маргааш дуусч дүнгээ гаргах юм байна. 

Холбоотой мэдээ