ДАРХАН-УУЛ: Соёлын төвийн барилгыг засварлаж ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-31 17:56:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Орхон сумын соёлын төв 1990 онд ашиглалтад орж байсан. Түүнээс бүрэн хүчин чадлаараа долоон жил ажилласан бөгөөд хоёр давхар дахь 14 өрөөг 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл ашиглаагүй аж. Хорин тав гаруй жил ашиглаагүй, шувууны үүр болсон уг өрөө тасалгааг Орхон сумын Соёлын төвийн хамт олон, ЗДТГ-аас засч, тохижуулах шийдвэр гаргажээ.


Ингэснээр ОНХС-гийн 285 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн зургаадугаар сард барилгын засварыг эхлүүлсэн. Сар гаруй хугацаанд хийсэн засварын ажил дуусч, одоо улсын комисс хүлээн авах үлджээ.


Хоёр давхар ашиглалтад орсноор хурлын болон бүжгийн заал, шатар, даам, морин хуур, ёочин зэрэг дугуйлан секц хичээллэх бүрэн боломжтой болж байна. Мөн соёлын төвийн дэргэдэх дуу бичлэгийн студи байгуулахаар нэг өрөөг тусгай аккустик хавтангаар завсарлаж тохижуулжээ. Түүнчлэн засвар хийсэн өрөөнүүдээ бүрэн ашиглах үүднээс Орхон сумын архивын тасаг тус газарт байрлах аж.


Соёлын төвийн нийт ашигтай талбай 1672 м.кв аж. Үүнээс хоёр давхрын нийт талбай 600 м.кв бөгөөд энэхүү өрөө тасалгааг 25 жилийн дараа дахин ашиглалтад оруулж байна. Өнөөдрийн байдлаар 1072 мкв талбайд урлаг, спортын заал, орон нутаг судлах танхим зэргээр ашиглаж байна.


Сум, орон нутгийн иргэдэд соёлоор дамжуулан үзүүлэх үйлчилгээгээ өргөжүүлэх үүднээс засвар тохижилтын ажил хийсэн ч ажиллах боловсон хүчний тухайд хомс хэвээр байна. Соёлын төвийн эрхлэгчийн зүгээс харьяа яаманд бүжгийн багш, үйлчлэгчийн орон тоо баталж өгөх хүсэлт илгээсэн аж. Гэвч ирэх 2023 оны нэгдүгээр сараас үйлчлэгчийн орон тоо баталж өгье. Харин бүжгийн багшийн орон тоо баталж өгөх боломжгүй гэдэг хариу өгчээ.

Хүүхэд, багачуудын хүсэл сонирхолд нийцүүлэн дугуйлан хичээллүүлэх боломж бололцоог сум, орон нутаг өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэсэн ч салбарын яам орон тоо батлахаас татгалзсан нь сурч боловсрох, хөгжих боломжийг хааж байна. Өөр нэг тулгамдсан асуудал нь биеийн тамирын арга зүйч байдаггүй учир соёлын төв нь спорт заалаа давхар хариуцдаг ажээ. Соёлын салбарынхан нь спортоо давхар хариуцан ажилладаг тул хүний нөөц дутмаг, ажиллах боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байгааг Улсын тэргүүний Орхон сумын Соёлын төвийн эрхлэгч Ж. Энхболд онцолж байлаа.


Соёлын төвийн барилгын засварын ажлыг “БДЗ” ХХК гүйцэтгэсэн бөгөөд одоо улсын комисст хүлээлгэн өгөх ажил хүлээгдэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ