Есдүгээр сарын 25 хүртэл самар түүхийг хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-08-15 17:48:52

Самар түүх хугацааг 10 сарын 15-аас дараа оны 3 сарын 15 хүртэл хугацаанд байхаар тогтоосон Байгаль орчны сайдын 2014 оны А-166 дугаар тушаал байдаг ч иргэд эдийн засгийн хямралаар шалтаглан самарны эрэлд хэдийн явсан байна.

Энэ талаар Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын  Ойн нэгжийн дарга Ю.Ганхуягаас тодруулахад “Цөөн тооны хүмүүс төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гараагүй байхад самранд гарсан байна. Гэхдээ самрын худалдан авч байгаа хувь хүн, аж ахуйн нэгж байхгүй. Яагаад гэвэл одоогоор бид ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулаагүй байгаа.” гэлээ. Мөн “Бид самрыг иргэдээс харамлаад байгаа юм биш, харин хугацаанд нь түү гэсэн шаардлага тавьж байгаа юм. Тэгвэл самар давирхайнаасаа салж, түүхэд амар болсон байна. Идээ нь томорч цайруулахад ч амар болно. Одоо бол түүж байгаа хүндээ төвөгтэй, ой модонд халгаатай байна” гэсэн юм.

Хэдийгээр самар түүх тухайд сайдын шийдвэр гараагүй ч иргэд ойд эмх замбараагүй зорчиж зориулалтын бус аргаар самар түүн хуш модыг гэмтээх, ой хээрийн түймэр гаргаж болзошгүй байдал бий болж байгаа тул ойн сан бүхий газарт нэвтэрдэг гол замууд, уулын ам даваагаар хяналтын постыг 9 сарын 25 хүртэл тодорхой цэгүүдэд ажиллуулж эхэлжээ. Уг арга хэмжээнд сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчыг татан оролцуулж, мотоцикльтой, морьтой эргүүлийг ойн сан бүхий газруудаар байнга ажиллуулж  байгаа аж. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар МХГ, ЦГ, ОБГ, бусад хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг  байгуулагдан хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Зөвшөөрөлгүй цаг үед эрхийн бичиггүйгээр самар түүсэн иргэдийг Ойн тухай хуулийн 47.2.1, 47.2.4-д заасны дагуу 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгууль оногдуулж, хууль бусаар бэлтгэсэн самар, ашигласан тоног төхөөрөмжийг хурааж авахаар заасан байдаг.  Мөн дээрх зөрчлийг гаргасан аж ахуйн нэгжийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгөн торгууль оногдуулахаар заажээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ