АРХАНГАЙ: Хар балгасын археологийн малтлагын ажлыг энэ жил үргэлжлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-05 11:51:34
Архангай /МОНЦАМЭ/. Германы Археологийн хүрээлэнгийн Улаанбаатар хот дахь судалгааны төв нь Архангай аймгийн Хотонт сумын нутагт Хархорин хотоос баруун хойш 45 км-т орших Хар балгасын Ордны хэсэгт байрлах "Суварга"-ын малтлагыг энэ жил үргэлжлүүлж байна. Тус хотын хамгийн өндөрлөг хэсэг болох, ойролцоогоор 13 метр өндөрт орших энэхүү өндөрлөг чухам юу байсан нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.

Малтлагын баг 2019 оны зун энэхүү бутарч унаж буй шороон толгодын бэлд малтлага хийх явцад зөвхөн шатаасан шавар тоосгоор хийсэн байх боломжтой томоохон овоолгыг олсон бөгөөд энэ нь олон зуун жил үргэлжилсэн томоохон байгууламжийн эвдрэлийг гэрчилж байв. Энэ жилийн малтлагаараа 3 долоо хоногийн дотор 8 метрийн өргөнтэй газрыг чөлөөлж, барилгын хананы бүрэн бүтэн үлдэгдэлтэй таарч, түүнийг олж илрүүлсэн байна.

Ойролцоогоор 3 метрийн өндөртэйгээр хадгалагдан үлдсэн хана нь налуу хэлбэртэй, нэг нэгээр нь ар араас нь цувуулж байрлуулсан гурван тоосгоор өрөгдсөн байсан ба гадна талаараа тэгш, шугаман хэлбэртэй байв. Хананы зарим нүхэнд анх хэрэглэж байсан модон дам нуруу, банзны үлдэгдэл бас хадгалагдан үлджээ. Хананы урд хэсэгт тухайн газар байрлаж байсан барилгын бусад архитектурын үлдэгдлүүдийг харуулах бусад олдвор гарч ирсэн. Мод, модны нүүрс, дээврийн ваарны үлдэгдлүүд нь модон байгууламж байсан болов уу гэсэн таамаглалыг бий болгосон байна. Гүн нүхнүүд байсан бөгөөд эдгээр нь тэнд хадгалагдан үлдсэн боржин чулууны хэлтэрхийнүүдээс харахад дээр нь байрлаж байсан баганын суурь гэж ойлгогдохоор байв.
Хананы нурж унасан тоосгыг хэмжиж үзэхэд тэндээс олдсон ихэнх тоосгонууд нэг талдаа ямар нэгэн дардастай байгаа нь анзаарагдсан бөгөөд энэ нь нэг талаас тухайн тоосго үйлдвэрлэгчийн тамга, нөгөө талаас тухайн тоосго болон шавар, зуурмагийн наалдцыг сайжруулахад туслах тоосго хоорондыг холбогч байсан болов уу гэсэн таамаглалыг бий болгожээ. Эдгээр дардсууд нь гарын хээ, самаар самнасан мэт зураас, олсны хээ, сарвууны хээ, цэцгийн хээ зэргээр дүрслэгдсэн байв.

Буддын шашинд цамхаг хэлбэртэй барилгуудыг ихэвчлэн "Суварга" гэж нэрлэдэг. Харин өнөөг хүртэл энэхүү малтлагаас олдсон олдворуудын аль нь ч уг барилгын зориулалтын талаар эсвэл тухайн барилга шашны барилга байсан эсэх талаар мэдээлэл өгч чадахгүй байгаа аж.
Холбоотой мэдээ