ХОВД: Улсын аварга О.Хангай цолны мялаалга наадам хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-13 21:28:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх Оргихын Хангай энэ жил шинээр Монгол Улсын аварга цол хүртсэн. Түүний цолны мялаалга наадам, талархал, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр Ховд аймагт боллоо. 


Энэ үеэр 82 жилийн дараа Ховд нутгаас Улсын наадмын түрүү бөхөөр тодорсон Оргихын Хангайгаас гадна долоо давж Улсын заан цол хүртсэн Баярхүүгийн Бат-Өлзий, тав давж Улсын начин цол хүртсэн Батдоржийн Сосорбарам болон Урианхай сурын улсын мэргэн цол хүртсэн Ж.Мөнхзориг,  хэт холын зайн гүйлтийн олон улсын мастер болсон Чулуудайн Батжаргал нар оролцсон бөгөөд Ховд нутгийн иргэдийн төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд тэдэнд хүндэтгэл илэрхийлж, мөнгөн шагнал гардуулсан юм. 


Энэ үеэр ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, ГБХЗХГ-ын морин хуур, бүжгийн дугуйлангийн  сурагчид олон угсаатны түүх, соёл, өв уламжлал, бахархлыг илтгэсэн урлагийн тоглолт сонирхууллаа. 


Мөн "Тарвас эвент" үйл ажиллагааны хүрээнд  "Тарвасан дээрх сийлбэр”  төрлөөр шилдэг бүтээл шалгаруулсан. Үүнээс онцлоход Улсын аварга О.Хангай тэргүүтэй алдартнуудын зургийг тарвасан дээр буулгасан байв.    






Холбоотой мэдээ