БАЯНХОНГОР: ХАА-н салбарын мэргэжилтнүүдийг орон нутагтаа бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-16 08:32:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. ХААИС болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөл бүхий ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар Баянхонгор аймагт ХААИС-ийн салбар сургууль бий болж буйтай холбоотой хамтын ажиллагааны талаар ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх, Мал аж ахуй, био технологийн сургуулийн захирал Д.Гүрбазар, Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн захирал Б.Хишигбаяр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын  газрын мэргэжилтэн М.Лхагважав нар нөхцөл байдлыг танилцуулан, санал солилцсон юм. 


Тодруулбал, энэ хичээлийн жилд 21 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоож, мөн төрийн өмчийн найман их сургуульд зарим сургуулийг нэгтгэж, бүрэлдэхүүнд нь оруулсан. Энэ хүрээнд ХААИС-д Баянхонгор аймаг дахь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нэгтгэж, салбар сургууль болгожээ. Тус өөрчлөлт нь аймгийн тэргүүлэх чиглэл болох хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийг орон нутагтаа сургаж, бэлтгэх боломжийг бүрдүүлж, хөгжлийг түргэсгэхэд түлхэц болно гэж талархан хүлээн авч байгаагаа аймгийн удирдлагууд илэрхийллээ.

Түүнчлэн Шинэ суурьшлын бүсэд тус сургуулийн дотуур байр бүхий барилгыг барих боломжийг эрэлхийлж, хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллана гэв.

2022-2023 оны хичээлийн жилд ХААИС-ийн салбар сургууль нь нягтлан бодох бүртгэлээр 90 гаруй оюутантайгаар үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Өөрчлөлтийн дагуу хөдөө аж ахуйн хэдэн чиглэлийн ямар мэргэжлийн үндсэн ангиуд нээхээ удахгүй зарлаж, оюутнуудыг элсүүлэн сургах аж.

Холбоотой мэдээ