Ким Дун Хун: Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө улам бүр сайжирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-21 13:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй 10 сэтгүүлч Монгол Улсад айлчилж байна. БНСУ-ын сэтгүүлчид өнөөдөр Төрийн ордонтой танилцаж, парламентын сэтгүүлчидтэй санал солилцсон юм.


МСНЭ, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах санамж бичгийг 8 жилийн өмнө байгуулсан. Энэ хүрээнд өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын сэтгүүлчдийн анхдугаар форумыг зохион байгуулсан бол хоёрдугаар форумыг ирэх жил зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд сэтгүүлчдийн оруулж буй хувь нэмэр гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр уулзалтын эхэнд онцолсон. Тэр дундаа аялал жуулчлал, соёл урлагийн хамтын ажиллагаа хөгжиж буйд сэтгүүлчдийн оролцоо томоохон түлхэц болж байгааг дурдлаа.


Тэрбээр, “Монгол Улсын парламент иргэдэд нээлттэй, ил тод байх зарчим баримталдаг. Энэ хүрээнд МСНЭ болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Иргэний мэдэх эрхийг хангаж, хүний эрхийг дээдлэх гол зарчмаа баримталж, хоёр орны сэтгүүлчид хамтран ажиллаж байгаад талархаж байна” гэв.


БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун, “Би Монгол Улсад 3 дахь удаагаа ирж байна. Надад хэд хэдэн зүйл мэдрэгдэж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэл үнэхээр асуудал болж байгаа юм байна. Энэ нь улс орон хөгжиж, Улаанбаатарт ирж, явж байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотой байх. Хоёрдугаарт, Монгол Улсын ардчилал улам бүр хөгжин, батжиж байгааг мэдэрлээ. Гуравдугаарт, Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө улам бүр сайжирч байгаа нь харагдаж байна. Манай улсад хэвлэлийн эрх чөлөө сайн байж, бид үр шимийг нь хүртэж байгаа ч үүнийгээ дагаад мэргэжлийн бус хэвлэл мэдээллийн байгууллага бий болох, хуурамч мэдээлэл газар авах зэрэг сөрөг асуудал гарч байна. Монгол Улс ч үүнтэй төстэй нөхцөл байдалд байгаа. Хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх тусам хувь хүний нэр хүнд, эрх чөлөөнд халдах сөрөг үр дагавар гардаг. Гэхдээ хүний эрх, эрх чөлөө, нэр хүндэд халдаж болохгүй гэхээр хэвлэлийн эрх чөлөө боомилогдож эхэлдэг. Тэгэхээр энэ хоёр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал тулгамдаж байна. Үүнийг шийдэх хамгийн зөв гаргалгаа бол хэвлэл мэдээллийн салбар өөрийгөө хянах тогтолцоо юм. Нөгөө талдаа хэрэглэгч буюу иргэдийн боловсрол туйлын чухал. Хэрэглэгч ямар мэдээлэл хуурамч вэ, ямар мэдээлэл эх сурвалжтай, үнэн зөв байна вэ гэдгийг ялгах мэдээллийн боловсролтой байх хэрэгтэй. Тиймээс хоёр орны сэтгүүлчдийн байгууллага хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарц, гаргалгааг хамтран хайх нь чухал юм” гэлээ.


УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр, “Баримт нотолгоогүй мэдээллийн улмаас хүний эрх маш ноцтой зөрчигддөг. Тиймээс Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө хуурамч мэдээлэлд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө ажиллаж байгаа. Нөгөө талдаа иргэд мэдээ мэдээллийг олон талаас авах боломжтой хөгжингүй цаг үе тул хэвлэл мэдээллийн салбарынхан түүнээс илүү давах шаардлага бий. МСНЭ болон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ чиглэлд ажиллаж байгаад бид талархалтай байдаг” хэмээв.


БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй 10 сэтгүүлчийн айлчлал энэ сарын 25-нд өндөрлөнө.

Холбоотой мэдээ