УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-09-21 15:03:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн Хуулийн /Их цааз/- ийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол Улсын Засгийн газар гэсэн бүлгийг хэлэлцсэн тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- Засгийн газар гэсэн бүлэгтээ оръё. Бүлгээр нь санал гаргахыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 27, 64.29 хувь,
  • татгалзсан 14, 33.33 хувь,
  • түдгэлзсэн1, 2.38 хувь

Ц. Товуусүрэн:- 41 дүгээр зүйлд Засгийн газар үйл ажиллагаагаа Их хуралд хариуцна гэсэн байна. Тэнд “хариуцан тайлагнана” гэж хэлмээр байна. Засгийн газрын тогтоол, захирамж, хууль тогтоомж Ерөнхийлөгчийн зарлигт нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ, мөн Ерөнхийлөгч хүчингүй болгоно гэсэн байна (45-2). Үндсэн Хуулийн шүүх гэдэг юмыг л орж өгөхгүй юм уу гэж бодогдоод байна.

Г. Зуунай:- 42 дугаар зүйлд дээр УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч дээр гарсантай адилхан халдашгүй байдлыг хуулиар хамгаална гээд ерөнхий заая гэсэн адилхан саналтай байна. Хоёрдугаар хэсгийг товчилъё. 46-2 дахь хэсэг дээр, Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нэр томьёо байгаа. Төрийн жинхэнэ албан хаагч гэж хэлмээргүй байна. Энэ дээр жинхэнэ биш албан хаагч гэж юу байх вэ? Хуульчид ажлын группээс тодруулж өгвөл сайн байна. 46-3 дахь хэсэг дээр, зарим төрийн албан хаагч намын гишүүн байх явдлыг хуулиар хязгаарлаж болно гэж байна. Энийг Үндсэн Хууль дээр хүний үндсэн эрхийг хязгаарлаж асуудал зөв юм уу, буруу юм уу. Бид түрүүн 1 хууль гаргасан. Гэхдээ ардчиллын ерөнхий утгатайгаа, Үндсэн Хуульд ингэж заах нь эргэлзээ төрүүлж байна. Үүнийг хасъя гэсэн саналтай байна. Ажлын хэсгийнхнээс тайлбар авъя. 46-4 дэх хэсэгт, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэж байна. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг тусгай хуулиар тогтооно гэдгийг хасах саналтай байна. Хэний ажиллах нөхцөл баталгааг хуулиар тогтоохгүй вэ? Үүнийг хөдөлмөрийн хуульд тусгаж орно.

Р. Гончигдорж:- Хөдөлмөрийн хуульд төрийн албан хаагчдыг хамаарахгүй тухай асуудал ямар 1 хэмжээгээр яриад байгаа шүү дээ.

Г. Зуунай:- Гэхдээ энийг тодруулах ёстой. Баталгаа гэдэг үг бол ойлгомжгүй юм. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл гэж болох юм. Ажиллах баталгааг хуулиар хамгаална гэдэг нь ойлгомжгүй юм.

Гү. Лхагважав:- Цөөнх болчихвол дараа нь тайлбарлая. 40-1-ийг хасах саналтай байна. Засгийн газрын бүрэн эрхийн 4 жил байх.

Д. Маам:- 38 дугаар зүйл болон энд гарч байгаа үгэнд гүйцэтгэх гэдэг яригдахаас гадна гүйцэтгэх захирамжлах гэж бас яриад байна. үүний аль нь зөвийг бодмоор байна. Би алийг нь ч мэдэхгүй байна.


Р. Гончигдорж:- Энд дандаа гүйцэтгэх гэж байгаа, захирамжлах гэдгийг хассан байгаа.

Д. Маам:- Засгийн газрын бүрэн эрхийн зүйлээс танагдсан байдал ажиглагдаж байна. Тийм учраас нэмж тавья. Ерөнхий сайдын тангараг өргөх хугацааг тогтоож өгье гэсэн санал байна. 30 хоногийн дотор гэж байгаа (Ерөнхийлөгч).

Б. Галсандорж:- 39-3 дээр санал байна. УИХ-аас томилох уу, Ерөнхий сайд өөрөө томилох юм уу? УИХ-д танилцуулсны үндсэн дээр зөвшөөрөл аваад Ерөнхий сайд өөрөө томилдог баймаар юм. Ингэвэл бидний яриад байгаа кабинет рүүгээ дөхөж очих юм уу даа.

А. Болат:- 39-2 дахь хэсэг дээр санал байна. Зарим гишүүн сая хэллээ. Бүрэлдэхүүнийг нь Ерөнхий сайд өөрөө томилохоор энэ хуульд оруулах шаардлагатай гэж зарим гишүүд санал хэллээ. Бүрэлдэхүүний тухайд би тэр саналыг зөвшөөрч байна. Ерөнхий сайд өөрөө томилохоор болгоод, харин бүтцийг нь Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ батлахаар 11 дүгээр хэсгийг өөрчилмөөр байна.

Р. Гончигдорж: - Бүтцийн хувьд Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Их хурал шийдэж байгаа шүү дээ.

А. Болат:- Энэ бол бас тод хэлж чадахгүй байгаа юм. Өргөн мэдүүлнэ гээд орхичихсон байгаа. 40-2 дээр тангараг өргөхөөр зааж байна. Тангараг өргөх, ямар утгатай, яаж өргөх талаар заалт алга. Энд шууд тангараг өргөсөн өдрөөс эхлээд дараагийн хүний тангараг өргөснөөр төгсгөл болно гээд заачихсан байна. Энэ санааг илүүц юм гэж бодож байна. Батлагдсан өдрөөр л бүрэн эрхийн хугацаа нь эхлээд дараагийн хүн батлагдмагц дуусгавар болохоор заах нь зүйтэй байх.

С. Чулуунбаатар:- 38-5 дээр яам, улсын хороо, тусгай газрын үйл ажиллагааг шуурхай удирдаж орон нутгийн захиргааны ажлыг чиглүүлнэ гэж. Энэ дээр анхаарал тавина уу, зөв юм болов уу. Өөрөө удирдах ёс нь бол миний ойлгож байгаагаар хурлаар дамжиж хэрэгжих байх. 39-3, 40-2 дээр батлагдсан өдрөөс гэж байх нь зүйтэй юм. Хүн бүхэн тангараг өргөөд байх шаардлагагүй. 44-1 дээр 15 хоногийн дотор огцрох мэдэгдэл гаргавал, хүсэлт гаргаваас гэж байгаа. Би энийг урт байна гэж бодож байна. Засгийн газар мэдэгдэл гаргачхаад үүргээ хэрэгжүүлж бай гэсэн тохиолдолд үүргээ хэрэгжүүлдэг ийм юм бий. Гэхдээ манай нөхцөлд хариуцлага ямар билээ, Засгийн газар бид мэдэгдчихсэн гээд суугаад байх юм биш байгаа. Тийм учраас 7 хоног болгоё. 45-2 дээр гарсан тогтоол захирамж нь хууль нийцэхгүй бол Засгийн газар өөрөө гэж байгаа. Тэрний “Засгийн газар өөрөө” гэдгийг авчихвал яасан юм бэ? Мөн Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцэхгүй бол Ерөнхийлөгч өөрөө гэдгийг хасаагүй билүү. Засгийн газар өөрөө гэдэг нь байж байг би саналаа авлаа. 46-3 дахь хэсгийг хасах саналтай байна.


Д. Пүрэв:- 41-1,2 дахь хэсгийг нэгтгэмээр байна Энэ бол УИХ-ын өмнө хариуцаж тайлагнана. 42-2-ыг...

Р. Гончигдорж:- Ерөнхий сайд, Засгийн газар гээд тусад тусад нь байгаа. Тэрийг Нийлүүлэх үү?

Д. Пүрэв:- Ерөнхий сайд УИХ-ын өмнө хувийн ажлаа хариуцаж тайлагнахгүй. Засгийн газрын ажлыг хариуцаж тайлагнах ёстой шүү дээ. Энэ 2-ыг нэгтгэхэд болно гэж үзэж байна. 42-2 дахь хэсгийг хасъя. Засгийн газрын хуульд оруулъя.

Р. Гончигдорж:- Үндсэн Хуульд тодорхой юм хэлээгүй болохоор ерөнхий хэлбэртэй болгоод тэгээд ерөнхий хэлбэр нь Ерөнхийлөгчийн хуульд задарна гэсэн утгаар үлдээсэн шүү дээ.

Д. Пүрэв:- Бид Ерөнхийлөгчийн хуульд оруулна гээд 1 юмыг авсан шүү дээ.

Д. Жанцан:- 38-5 дээр 1 санал хэлье. Засгийн газрын хууль хэлэлцэж байхад энэ их яриа болно. Төрийн захиргааны төв байгууллагыг нь болохоор удирдаад байдаг. Төрийн захиргааны орон нутгийн байгууллагад болохоор чиглэл өгнө гээд байдаг. Ингэсээр энэ асуудал 1 нь удирдах, 1 нь чиглэл өгнө гэж орсон байна. Одоо хүртэл орон нутгийн захиргаад юу гэж хэлж байна вэ гэхээр Засгийн газар та нар чиглэл өгөх үүрэгтэй шүү, биднийг удирдах ёсгүй шүү гэсэн ийм асуудал босож ирээд байна. Би орон нутгийн төрийн захиргааны байгууллагыг шууд удирдах ёстой гэсэн бодолтой байдаг, Засгийн газар өдөр тутмын удирдлагаар хангах ёстой. Хоёрдугаарт, 43-2 дээр Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь 1 дор огцорчихвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн зүйл байна. Тэн хагас нь цувраад ч гэсэн огцорчихвол бүрэлдэхүүнээрээ огцорно гэж оруулъя. Ерөнхий сайд ярьсан. Энийг асууж байгаа хүн ч надтай нэг биш удаа тааралдсан. Нэг нь огцроход бүгдээрээ огцрох юм гэж. Арай тэгэхгүй байх. Та нар буруу ойлгосон байна. Би бараг байхгүй байх гэж бодож байна. Гуравдугаарт, 46-1 дээр Улаанхүүгийн саналыг дэмжиж байна. Дөрөвдүгээрт, 46-4 дээр төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, баталгааг хуулиар хангаж өгнө гэдгийг зарим нь хасъя гэж байна. Би энэ дээр эсрэг байгаа, харин энэ дээр эдийн засаг, эрх зүйн баталгааг тогтооно гэдгийг нэмэх хэрэгтэй. 46-3 дээр намын гишүүний харьяаллын асуудлыг хуулиар хязгаарлаж болно гэж байна. Үүнийг хязгаарлахгүй ч гэсэн болох юм шиг байна. Үүнийг хязгаарлаад баталсан нөхцөлд би орон нутгийн захиргааны удирдлагыг энд оруулах саналтай байна.


Р. Гончигдорж:- Жинхэнэ албан хаагч гэдэг нь ороод явчихна шүү дээ.

Д. Жанцан:- Дээр бол зэвсэгт хүчин, аюулгүй байдлыг хангах гээд оруулчихсан шүү дээ.

Э. Алтангэрэл:- Биелэлтийг улсын хэмжээнд зохион байгуулан хангана гэж байна. Энэ дээр Засгийн газар төрийн гүйцэтгэх дээд байгууллага гэж заасан. Гүйцэтгэх дээд байгууллага маань хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулахдаа хяналтын үүрэг нь хаягдаад байгаа юм. Тийм учраас би энэ дээр хянан зохион байгуулах, хангах гэдэг үгийг оруулмаар байна. Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд улсын төсөв, зээл санхүүгийн төлөвлөгөөг боловсруулна гэж байна. Нэгэнт батлагдсан төлөвлөгөөг боловсруулна гэж байхгүй. Тийм учраас төсөл гэж оруулмаар байна. 46-2 дээр жинхэнэ албан хаагч гэдгээс “жинхэнэ” гэдгийг авч хаямаар байна. Албан хаагч гэдгийг зориуд тодотголтойгоор оруулах нь зүйтэй. Европын парламент хөгжсөн орнуудын зааж байгаа хичээл номыг үзвэл албан хаагч буюу чиновник гэдэг үнэхээр төрийн зүгээс баталгаатай байдаг юм байна. Тийм учраас Зуунай гишүүний саналын эсрэг, Жанцан гишүүний саналыг дэмжиж байна. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, эдийн засгийн, эрх зүйн баталгаатай нь бүрэн дүүрэн хангаж өгөх гэсэн агуулгатайгаар нэмж оруулах саналтай байна.

Х. Пүрэвдагва:- 38 дугаар зүйл дээр ерөнхий санал байна. Засгийн газрын бүрэн эрхийг бүгдийг нь аваад үзвэл үнэн хэрэг дээрээ гол төлөв дүүрэг маягаар байгаа юм. Тийм учраас түгээмэл чиг үүргийн зэрэгцээ дор дурдсан гүйцэтгэн захирамжлах бүрэн эрх гэж хэлж болдог уу, үгүй юу? Хэрэв ингэж хэлдэг бол цааш нь 4 дүгээр хэсэг дээр “цогцолбор арга хэмжээ авах” гэсэн нэг юм байна, 46 дугаар хэсэг дээр “арга хэмжээ авах”, дугаар хэсэг дээр “түүнийг зөрчих явдалтай тэмцэж арга хэмжээ авч хэрэгжүүлэх”, 8 дугаар хэсэг дээр бас арга хэмжээ авах гэснүүдийг хасчихаж болмоор юм шиг байна. Хоёрдугаарт, 5 дугаар хэсэг дээр яам, улсын хороо, тусгай газрын үйл ажиллагааг Засгийн газар шуурхай удирдана гээд байна. Энэ 2 өөр юм байх гээд байна. Тэгэхээр чиглүүлнэ гэдэг чинь удирдлагын ямар функц байдаг юм бэ? Энэ дээр бичсэнийг хэлбэл нэг нь өдөр тутмынх нь үйл ажиллагаатай хутгалдаад бай гэсэн юм байна, дараагийнх нь хагас удирд гэсэн үг юм уу? Энд эргэлзээд байна. 46-2 дээр төрийн жинхэнэ албан хаагч гэсэн нэр томъёо байна. Яахаараа жинхэнэ болдог, яахаараа жинхэнэ бус болдог юм бэ? гэсэн цаана нь жинхэнэ бус гэсэн ойлголт гарч ирчхээд байгаа юм шиг санагдаад байна. Үүнийг эргэж харж үзэж болох уу? 46-1 дээр эрхэм гишүүн Улаанхүүгийн саналыг 100 хувь дэмжиж байна. Дүрмээр зохион байгуулагдана гэдэг бол яг хуучин замбараагүй байдалд оруулах гэж байгаа юм. Дүрэм бол үйл ажиллагааны дотоод хэм хэмжээг л тогтоож өгнө. Ерөнхий зохион байгуулалтын асуудлыг хуулиар тогтоож өгөх ёстой. Тийм учраас энэ дээрээс дүрэм гэдгийг хасах хэрэгтэй байна.


Ц. Элбэгдорж:- Үндсэн Хуулийн комиссоос 1 зүйлийг асууя. Амбудсмен гэдэг ойлголт гарч байсан. Хуулийн хэрэгжилтэд нөлөөлдөг хүн. Энэ асуудал бодогдоогүй юу? Энэ хавьд яригдах зүйл биш үү? УИХ-ын 1 гишүүн ч юмуу, жишээлбэл, намын бүлгээрээ Засгийн газрыг огцруулах асуудал тавьж болно. Үүнийг ямар байдлаар яаж шийдэх вэ? Энд зөвхөн ерөнхий сайд санаачилна гэдэг юм уу, Засгийн газрын тэн хагас нь гэсэн байдлаар ороод байсан байна. 42-2-ыг хасъя гэдгийг хүмүүс бүгд хэлсэн.

М. Энхсайхан:- 46 дугаар зүйл дээр яамдын тоог заамаар байна. Швейцарын Үндсэн хуульд яамдын тоо нь заагдсан, хязгаарлалт тавигдсан гэж сонссон. Манай шилжилтийн энэ нөхцөлд зайлшгүй хэрэгтэй байх. Яагаад гэвэл манайх байсхийгээд л томорчих гээд болохгүй байгаа, тийм процесс явагдаж эхэлчих гээд байгаа. Тийм учраас яг энэ шилжилтийн үед яамдын тоог тавих нь зайлшгүй хэрэгтэй байх. Тэр байтугай миний сонссоноор манайх 20, 30-аад онд Швейцар лугаа улс болно гээд явж байхдаа тэндээс жишээ авч өөрсдийнхөө яам, тамгын газрын тоог тогтоож байсан байж магадгүй. Тийм учраас тоо тогтоовол яасан юм бэ? 12 гээд.

Д. Лүндээжанцан:- 39-2 дээр Засгийн газрын бүтцийг хуулиар тогтооно гээд Засгийн газрынхаа хуульд ийм, ийм яам байна гээд нэрээр нь тоотой нь заагаад өгчихвөл яасан юм бэ?

Р. Гончигдорж:- Жинхэнэ албан хаагч гэж хэн бэ? Амбудсмены тухай асуудлууд байх уу, үгүй юу? Энэ дээр комиссоос асуусан. Аль нэг хэсэг гишүүн намын бүлэг, Засгийн газрыг огцруулах тухай асуудал гаргавал энийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх зүйл байж болох уу, үгүй юу гэсэн асуудал байна.

Б. Чимид:- Жинхэнэ албан хаагч гэж нэр олдохгүй байгаа юм. Та нарт ямар байж болох вэ? Энэ бол орон тооны албан тушаалд байгаа хүнийг хэлж байгаа юм. Сонгуулийн албан тушаалтнууд ингээд ингээд орохгүй болчихоод байгаа, хөлсөөр ажилладаг улсууд орохгүй байгаа юм, багш, эмч гээд яваад өгнө. Гадаад үг хэрэглэж болдог бол төрийн жинхэнэ аппаратын ажилчид л даа. Бусад орны Үндсэн хуульд нэлээд бий. Тусгай бүлэг ч байдаг. Төрийн аппаратын гэж үзээд намын гишүүн байх асуудлыг. Төрийн жинхэнэ аппаратын ажилтнуудыг хэлж байгаа ухаантай юм. Амбудсмены тухай асуудал 2 янз байх шиг байгаа юм. Парламентын, Засгийн газрын гэж орнуудад Засгийн газраас томилогдсон, насаараа томилогдсон цөөхөн, ганц нэг хүн гол нь иргэний эрх, ерөнхий эрх хамгаалах журмаар хийгддэг улсууд байгаа юм. Парламентынх байх шиг байгаа юм. Амбудсмен байсан хүнтэй уулзаж үзсэн, дүрэм, журмыг нь үзсэн. Зөвлөлт РСФСР-т нэг хийгээд авчихсан шиг байна. Дараа нь чухал асуудал яригдаж байна.Засгийн газрыг хэн байгуулах тухай асуудал.


Бид Ерөнхийлөгчийг Засгийн газарт хэрэглэж байх эрхийг нь хасаад хаячихсан. Одоо байгуулдаг болгоно гэхээр урьдахтайгаа хэрэлдэхээс өөр аргагүй. Ер нь зарчмын, ярих ёстой асуудал бол тэр байгаа юм. Тэнд кабинет гэж байвал, Засгийн газрын сайд нарын танхим ч гэж хэлж болмоор байгаа юм. Урд ард түмнээр хэлэлцүүлдэг байсан, зүрх хүрээгүй. Тухайлбал 1921 онд. 1922 оны Засгийн газрын хуульд Засгийн газар гэдэг бол тэргүүн сайд нарын хурал мөн гэсэн тодорхойлолт байсан. Одоо манай Засгийн газар гэдгийг Бямбасүрэн даргатай нь Хэрэг эрхлэх газартай нь ойлгоод байгаа. Тэр бол биш. Кабинетын асуудал. Үүнийг судалж, ярих ёстой асуудал. Хэрэв кабинетаа ерөнхий сайд томилдог л бол гүйцэтгэх засгийн эрх мэдэл нь өргөжнө. Ерөнхийлөгч тэр рүүгээ маш их ойртоно. Байдгаас зааварлагч, газар хэлтсийн дарга, орлогч сайд дотроос төрийн нарийн бичгийн гэдэг нь ганц хүн. Манайхаар яах вэ, хэргийн эрхлэгч гүйцэтгэх албан тушаалтан гэж яваа. Зарим орны Үндсэн хуульд хөлсний бичээч, профессор, эрдэмтэн мэргэд орохгүй гээд хийсэн байдаг. Дэлхий дээр айхтар зөрүүтэй ойлголт яваад байгаа. Төрийн албан хаагч гэхээр төсвөөр цалинждаг бүх хүнийг ойлгодог. Аппаратын албан хаагч гэхээр зөвхөн засаглал захирдаг. Энэ хэдэн байгууллагын шууд харьяа газруудын төв аппаратын /манай ярьдаг/ хүнийг ойлгодог. Бид үндсэн бүрэлдэхүүнийг нь хэлээд байгаа юм. Жанцан гишүүний ярьж байгаа зөв л дөө. Гэхдээ нарийн ялгавал 1 нь управление, 1 нь руководство гэдгээр өөрөө удирдлагын мэргэжлийн хүн тэгээд л ялгачих юм байгаа юм. Манайх жолоодлого гэдгийг дээр нь тавьдаг учраас бүр томроод намтай хутгаад алга болдог. Жолоодох гэдгийн агуулга нь ерөнхий ханыг нь бариад 1 сувагт л багтааж байх нь тэр дотроо өөрөө зогсдог гэсэн ойлголт. Шууд дэргэдээ завсаргүй, 1 ч орлогчгүйгээр завсаргүй хариуцдаг байгууллагаа шуурхай удирдагчид нь тавих ёстой. Өөрөөр хэлбэл, би өөрийнхөө орлогчийг шууд удирдана, орлогчийн мэдэлд байгаа зөвлөх, зааварлагчийг удирдахгүй, ерөнхийд нь чиглүүлж болно. Ийм утгаар хийсэн юм. Засгийн газар орон нутгийн захиргааны байгууллагыг удирдана гэвэл багийг чи удирдсангүй гэж. Их хурал мань мэт учиртай болоод байгаа учраас ингэж ялгаж хийсэн юм. Боловсон хүчний энэ функцийг бид 9 сард баталсан Засгийн газрын хуулийг жаахан агшаагаад хийчихсэн юм. Засгийн газрын хуулиас үндсэн бүрэн эрхийг нь аваад хийчихсэн. Харин дээр нь 38 дугаар зүйлийн 2-ын хамгийн сүүлийн мөрөнд өчигдөр Лхагважавын хэлсэнчлэн дор дурдсан бүрэн эрх гэдгийг “дор дурдсан үндсэн бүрэн эрх” гэвэл ойлгогдох байсан.


С. Төмөр:- Амбудсмены хувьд бидэнд хамгийн ойр бөгөөд жаахан бүдүүлэгч байж магадгүй, гэхдээ яг ойлгомжтой хэлбэрээр бол хуучнаар Ардын хянан шалгах хороо шиг үйл ажиллагаа явуулдаг шиг байна хэрэв амбудсмен байх юм бол улсын шүүгч нэрээр ихэвчлэн байдаг. Зөвхөн Үндсэн Хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулдаг, улсын ямар ч шүүхийн үйл ажиллагаанд ажиллах тийм бүрэн эрхтэй хүн байдаг юм шиг байгаа юм. Хамгийн товчхон утгаар бол ардын хянан шалгах хорооны функцыг гүйцэтгэдэг.

Б. Чимид:- Зөвхөн иргэдийн асуудлаар шүү дээ. Хүний эрхийн асуудал байгаа юм.

Ц. Элбэгдорж:- Их хурлын гишүүн намын бүлгээрээ Засгийн газрын 1 гишүүнийг буюу кабинетаар нь огцруулах тухай асуудал энд яагаад тусгаагүй юм бэ? Үүнийг яаж тусгаж болох вэ?

Р. Гончигдорж:- Саяны энд байгаа каналуудаар дамжуулж л гүйцэтгэх байх.

Ц. Элбэгдорж:- Энд ямар нэг механизм байх ёстой Улаанхүү жишээлбэл хэд хэдэн удаа тавьсан. Тэгээд тэр нь явдаггүй. Зэрэгцдэг ч үгүй, санал ч хураадаггүй. Талбай дээр хүмүүс суугаад тавиад байдаг, үүнийг ч хэрэгсдэггүй, ийм л хачин юм байна.

Р. Гончигдорж:- Саналаа хураая. 38-2 дээр соёлын байгуулалтыг удирдах түгээмэл чиг үүргийн зэрэгцээ дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж. Энд “дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх” гэсэн санал байна. Мөн “эвсэл дор дурдсан үндсэн бүрэн эрхийг” эсвэл “дор дурдсан гүйцэтгэх бүрэн эрхийг” гэсэн тодруулсан саналууд байна. Үүнийг Засгийн газрын дор дурдсан үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 27, 62.79 хувь,
  • татгалзсан 11, 25.58 хувь,
  • түдгэлзсэн 5, 11,63 хувь.

38-2 дээр Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улсын хэмжээнд зохион байгуулж хангах гэж байна. Энд “бусад хуулийн биелэлтийг улсын хэмжээнд зохион байгуулж хянан зохион байгуулж хангах гэж “хянан” гэдэг үгийг оруулъя гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 10, 22.22 хувь,
  • татгалзсан 30, 66.67 хувь,
  • түдгэлзсэн 5, 11,11 хувь.

38-2-ын 2, 3 дээр улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлүүд, улсын төсөв, зээл санхүүгийн төлөвлөгөөг боловсруулаад Их хуралд оруулаад энэ талаар гарсан шийдвэрийг биелүүлнэ гэсэн байгаа. Дор шинжлэх ухаан, техникийн нэгдсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ гэсэн түгээмэл шинж чанартай асуудлыг боловсруулахыг нь эндээс авья гэсэн санал байна. Энэ бол Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанаас хэтэрсэн хугацаанд хэрэгжих бодлогын чиглэлтэй асуудлууд байна. Энийг эндээс хасъя гэсэн дээр санал хураая.

  • зөвшөөрсөн 11, 25.00 хувь,
  • татгалзсан 25, 56.82 хувь,
  • түдгэлзсэн 5, 18,18 хувь.

38-2-ын 5 нутгийн захиргааны үйл ажиллагааг чиглүүлэх гэснийг “удирдах” гэж сольё гэсэн санал байна. Мөн орон нутгийн гүйцэтгэх байгууллагыг удирдах гэж тодруулъя гэсэн санал байна.

“Удирдах” гэж шинээр болгоё гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт. 

  • зөвшөөрсөн 18, 40 хувь,
  • татгалзсан 22, 48.89 хувь,
  • түдгэлзсэн 5, 11,11 хувь.

Удирдан чиглүүлэх гэсэн санал гарч байна.

  • зөвшөөрсөн 28, 62. 22 хувь,
  • татгалзсан 13, 28.89 хувь,
  • түдгэлзсэн 4, 8.89 хувь.

38-2-ын 9 УИХ-д дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, түүнийг хэрэгжүүлэх, түүнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах гэснийг “УИХ-тай зөвшилцөж дараа соёрхон батлахаар” гэсэн санал байна. “Зөвшилцөж” гэснийг нэмж оруулах гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 28, 64.44 хувь,
  • татгалзсан 13, 28.89 хувь,
  • түдгэлзсэн 3, 6,67 хувь.

Гүйцэтгэн захирамжлах гэж ярьдаг байсан, одоо ганцхан гүйцэтгэх гэж яриад байна. Энэ томьёоллыг тайлбарлая.

Ж. Амарсанаа:- Засгийн эрх хуваарилах онолоор, Үндсэн Хуулийн чиглэлийн дагуу хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гэсэн 3 байгууллага гарч ирж байгаа юм. Жишээлбэл, Үндсэн Хуулийн шинэ зарчим, үзэл баримтлалд байгаа. Захирамжлах гэдэг маань өөрөөр хэлбэл, хууль тогтоох талын асуудал учраас тэрийг зайлшгүй хасах шаардлагатай болоод байгаа юм.

Д. Маам:- Энэ асуудлыг би тавьсан юм. Ингэхээр нэг чухал тал алдагдаад байгаа санагдаад байна. Засгийн газрын гүйцэтгэх захирамжлах гэдэг одоо хууль хариуцлагаар бичээд байна шүү дээ. Тэгэхээр Засгийн газар бол дээрээсээ хүлээж авсан үүргээ гүйцэтгэхээс гадна тэр үүргийг биелүүлэхийн тулд захирамжлах ажлыг гүйцэтгэх хүрээндээ багтааж, тэр чухал тал нь алга болчихоод байгаа юм шиг санаад байна.

Б. Чимид:- Багтаагүй 2 ийм юм байсан юм. Дундаа “ба”-тай гүйцэтгэх ба захирамжлах гэсэн.

Р. Гончигдорж:- 38-3. Засгийн газрын тодорхой бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэсэн санал байна. 38-2: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай болон түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ гэж байна. Нэг талаас яамдын тоог заах.Үндсэн хуульд яамдуудыг нэрлээд оруулъя гэсэн 2 санал гарч байна.

Ц. Элбэгдорж:- Засгийн газрын бүтцийг хуулиар тогтооно гэж байна. Яг одоо бол ингэж чадахгүй байх л даа.

Р. Гончигдорж:- Тоог заая гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт.

  • зөвшөөрсөн 17, 37. 78 хувь,
  • татгалзсан 23, 51. 11 хувь,
  • түдгэлзсэн 5, 11, 11 хувь.

Д. Лүндээжанцан:- Ер нь ингэх шаардлагатай. Гэхдээ бид Үндсэн Хуульд зааж чадахгүй нь ээ. Ийм учраас бусад хуулиар яг зааж өгье гэжээ.

Үргэлжлэл бий.                                                                                    Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ