ГОВЬ-АЛТАЙ: Шонтын голд гарсан түймрийг цурамд оруулж, галыг унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-22 16:09:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Халиун сумын Гүү бариач багийн Шонтын голд гарсан ой хээрийн түймрийг цурамд оруулж, галын тархалтыг хумьж унтраажээ.


Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн Шонтын гол гэх газар есдүгээр сарын 15-ны өдөр ой хээрийн түймэр гарлаа гэх мэдээллийн дагуу байгаль хамгаалагч С.Нямаасүрэн газар дээр нь шалгаж аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Халиун сумын Засаг даргын тамгын газар, Сум дундын ойн ангид мэдэгдсэн байна. Үүний дагуу холбогдох албаныхан хоёр өдрийн турш галын тархалтыг хумих цурамд оруулах ажлыг зохион байгуулжээ. Уг ажилд БОАЖГ-ын 6, Халиун сумын ЗДТГ-ын 20, ОБГ-ын 10, СДОА-ийн 6, нутгийн малчин иргэд 10 гаруй, нийт 50 гаруй хүн 7 авто машин, 10 гаруй мотоциклтэй оролцож хамтран ажилласан байна.

Энэ жилийн хувьд хуурайшилт их байгаа тул иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж ойн зах болон ойн цоорхой дахь шар өвс шатсаны улмаас ой доторх хуурай хожуул үндсээрээ дамжин гал авч байсныг цурамд оруулж галыг унтраажээ.
Ой, хээрийн түймрийн улмаас 4 га газар шатсан тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ