Монголын худалдааны салбарын хуульчдыг мэргэшүүлэн дадлагажуулахад бэлэн гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-24 08:39:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суугаа Элчин сайд, Женев дахь НҮБ-ын Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар Зөвлөх төвийн Гүйцэтгэх захирал Найл Мигэртэй 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзлаа. 


Уулзалтаар Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Зөвлөх төвөөс олон улсын худалдааны хууль, эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ДХБ-ын хэлэлцээрүүдтэй холбоотой аливаа асуудлаар хууль зүйн дүгнэлт боловсруулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлж, цаашид манай улсын гадаад худалдаанд тулгараад буй тарифын болон тарифын бус саад тотгорыг олон улсын хууль, эрх зүйн хүрээнд оновчтой шийдвэрлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагын ажилтнуудын чадавхыг улам бүр бэхжүүлэхэд хамтран ажиллах саналыг дэвшүүлэв. 


Гүйцэтгэх захирал Н.Мигэрийн зүгээс Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаагийн саналыг хүлээн авахын зэрэгцээ Монгол Улсын худалдааны салбарын хуульчдыг олон талт худалдааны хууль, эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэн дадлагажуулах, гадаад худалдааны арга хэмжээнд хууль зүйн дүгнэлт боловсруулахад бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ