Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ–ын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн-д бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-24 18:55:30
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ–ын Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн–д 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бараалхав.


Гадаад хэргийн сайд Буй Тань Сөн Вьетнам, Монголын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт тогтмолжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улстай хөгжүүлж буй харилцаанд Вьетнам Улс өндөр ач холбогдол өгдөгийг онцлон тэмдэглэв.


Мөн түүхэн уламжлалт найрсаг харилцаатай манай хоёр улсын хувьд ирэх 2024 онд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохыг дурдаад энэ ойг тодорхой төлөвлөгөөний дагуу ёслол төгөлдөр тэмдэглэхийг мэдэгдэв. Цаашид дээд, өндөр түвшний айлчлалыг тогтмолжуулж, улс төрийн харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэрээр илэрхийлэв.


Дэд сайд Б.Мөнхжин уламжлалт, найрсаг харилцаатай БНСВУ-тай хөгжүүлж буй харилцааны түвшинг ахиулахыг санал болгоод, хоёр талын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.


Цаашид АСЕАН болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны түвшинд ч улам идэвхтэй хамтран ажиллахын төлөө  байгаагаа хоёр тал илэрхийлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд саад тотгор болж буй тээвэр логистикийн хүндрэлийг багасгах чиглэлд хамтарсан арга хэмжээ авахаар болов.


Холбоотой мэдээ