Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга их байх төлөвтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-09-27 08:29:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан ч нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас ахиу орох магадлалтай, ялангуяа Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээллээ.


Харин нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр бэлчээрийн ургамлын гарц муу, даац хэтэрсэн бөгөөд 10 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй, өвөлжилт хүндэрч болзошгүйг анхаарч, малчид малын тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийхийг зөвлөжээ. Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж хүйтрэн, Алтайн салбар уулс, говь талын нутгаар салхины хурд ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах аж.


 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын ихэнх, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Эхний 10 хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёр болон гуравдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага зэрэг хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байна.

Эхний 10 хоногийн эхэн, дунд үе, 2 дугаар 10 хоногийн дунд үеэр нойтон цас, уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, нэгдүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, 2 дугаар 10 хоногийн эхэн, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр Алтайн салбар уулсаар түр туур 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Булганы ихэнх хэсэг, Төвийн хойд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн нуруу орчмоор буюу Сэлэнгийн зүүн, Төвийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ч 2-3ны үед ихэнх нутгаар хүйтэрч олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр 10 хоногийн эхээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи 12-14 м/с, зарим үед түр зуур 18-24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурна шуурна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн хойд хагасаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, 2 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх бол, нэгдүгээр 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэн, бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Эхний 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Эхний 10 хоногийн дунд үе, 2 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх бол, 1 дүгээр 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хүйтэрнэ. Бусад хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх аж. Эхний 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 1 дүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, 2 дугаар 10 хоногийн эхэн, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар 16-18 м/с, зарим үед түр зуур 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна.

 

 

Холбоотой мэдээ