ДУНДГОВЬ: Нийт нутгийн 50,0 хувьд бэлчээрийн даац хэвийн гарчээ

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-27 11:17:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ-ын мэдээлснээр 2022-2023 онд 7670 малчин өрхийн 3,8 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 5,2 сая толгой мал тус аймгийн нутагт өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.


Өнөөдрийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 800 тн өвс бэлтгэхээс 878,9 тонн, 510 тн тэжээл бэлтгэхээс 230,3 тонныг нөөцөлжээ. Харин малчид (тэжээлийн нэгжид шилжүүлснээр) 19911,1 тн гар тэжээл бэлтгэхээс 985,1 тн бэлтгэсэн нь 4,9 хувьтай байна.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээгээр аймгийн нийт нутгийн 50,0 хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой, харин нийт нутгийн 37,0 хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 5,0 хувьд 3-5 дахин хэтэрсэн, 8,0 хувьд олон дахин хэтэрчээ. Нийт нутгийн 23,0 хувьд нь бэлчээрийн нөөц 50 хувь, 27 хувьд бэлчээр хүрэлцээтэй гэсэн дүгнэлт гарсан аж.

Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 50,0 орчим хувьд сайн, 40,0 гаруй хувьд дунд зэрэг, 10,0 орчим хувьд муу гэж үнэлэгдсэн байна.

Отор нүүдэл харьцангуй бага байх төлөвтэй байгаа бөгөөд нийт малчин өрхийн 1,4 хувь буюу 111 малчин өрхийн 58154 тоо толгой мал гадны 7 аймаг нийслэлд оторлож байна.

Говьсүмбэр аймгийн Малахын тал, Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Дорнод аймгийн Чойбалсан сумын отрын бүс нутгагт Сайнцагаан, Эрдэнэдалай сумын 28 малчин өрхийн 31375 толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 51905,9 мал оторлуулах хүсэлт ирүүлснийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанд хүргүүлжээ. Харин малчдын 4,7 хувь буюу 361 өрхийн 187301 толгой мал өөрийн аймаг дотроо оторлож байна.

2022 онд тус аймгийн ОНХС болон Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил төслийн хөрөнгөөр Баянжаргалан, Дэлгэрхангай, Өлзийт, Сайнцагаан, Хулд, Эрдэнэдалай сумдад инженерийн хийцтэй гүн өрмийн 7 худгийг шинээр гаргаж ашиглалтад оруулж, одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр суманд мөн 5 худаг гаргаж байгаа ба бэлчээр усжуулалт өнөөдрийн байдлаар 50,9 хувьтай байгааг мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ