СЭЛЭНГЭ: Хөтөлийн цементийн үйлдвэр үнээ нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-27 13:28:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хөтөл хот дахь Цемент шохойн үйлдвэрийн засварын ажилтай холбогдуулан цементийн хомсдол үүсээд байлаа. Ид ажлын үеэр ингэж хомсдол үүсгэсэн нь хэрэглэгчдэд маш хүндээр тусч, шүүмжлэл дагуулсаар байв.

 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Засаг дарга үүсээд байсан цементийн хомсдолыг хурдан хугацаанд арилгуулах үүднээс тус үйлдвэрийн засварын ажлын гүйцэтгэлтэй танилцаж үүрэг чиглэл өгчээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь “Цемент шохой“ ТӨХК–ийн Чулуунцарын үйлдвэрийн технологийн төлөвлөгөөт засвар хугацаандаа дуусаж, зууханд гал өгчээ.

 

Үйлдвэрийн тухайд 2019 оны 8 дугаар сараас хойш зуухны доторлогооны тоосгыг бүхэлд нь сольж байгаагүй хэсэгчлэн сольж байсан аж.


Хэдийгээр их засвар хийсэн ч цементийн үнийг нэмэхгүйгээр хуучин үнээр нь борлуулна гэдгээ үйлдвэрийн захиргаанаас мэдэгдээд байна.

 

Тус үйлдвэр гадаа үйлдвэр гэдэг утгаараа өвөл засварын ажил хийх боломжгүй байдаг аж. Иймээс дулааны улиралд төлөвлөгөөт засварынхаа ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Энэ удаагийн засварын ажлыг 7 дугаар сарын 20-ноос эхлэн ийнхүү дуусган ашиглалтад оруулсан байна. Засварын ажлын хүрээнд зуухны тоосгон болон бетонон доторлогооны ажлыг ажилчдынхаа хүчээр хийжээ.   

Холбоотой мэдээ