ЗАВХАН: Дотоодын 55 мянга гаруй аялагч иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-29 11:30:47

Завхан/МОНЦАМЭ/. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг Завхан аймагт тэмдэглэн өнгөрүүлэв. Тус аймагт аялал жуулчлалын чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаарх мэдээллийг Завхан аймгийн БОАЖГ-ын Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвжаргалаас тодруулав.

 

-Завхан аймаг аялал жуулчлалын ямар бодлого барьж байгаа вэ?


-Цар тахлын дараа аялал жуулчлал сэргэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд аялал жуулчлалын бодлого, төлөвлөлтийг сайжруулах. Тус аймгийг зорин ирж буй жуулчдыг тав тухтай аялуулах нөхцөлийг бүрдүүлэх. Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын чанар стандартыг сайжруулах. Аяллын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох бодлого барьж ажиллаж байгаа. Эдгээр зорилгын хүрээнд манай аймагт Хар нуур-Үндэсний парк төсөл, аймгийн Аялал жуулчлалын “Мастер төлөвлөгөө”, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 2021-2025, аймгийн хөгжлийн төлөвлөгөө зэрэг бодлогын бичиг баримтуудын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

 

-Энэ онд Завхан аймагт нийт хэчнээн гадаад, дотоодын жуулчин ирсэн бэ?

-Энэ онд Завхан аймгийг зорин ирсэн жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад 35 хувь өссөн үзүүлэлт байна. Тухайлбал, гадаадын 56 мянга гаруй, дотоодын 55 мянга гаруй жуулчин иржээ.


Цаашид аймгийн хэмжээнд байгальд ээлтэй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Мөн шинээр зочид буудал нэг, дэн буудал хоёр, жуулчны бааз дөрөв гээд аялал жуулчлалын чиглэлээр долоон байгууллага нэмэгдсэн байна. Мөн гадаад  дотоодын жуулчдыг тав тухтай аялах боломжийг хангах зорилгоор аялал жуулчлалын гол, туслах маршрутын дагуу эко ариун цэврийн байгууламж барих ажлыг энэ онд эрчимтэй хийж байгаа.


Тухайлбал, Алдархаан, Тэлмэн, Идэр, Тосонцэнгэл суманд "Энх өвөгдий" ХХК-тай гэрээ байгуулж, эко ариун цэврийн байгууламжуудыг зураг төсвийн дагуу хийж байна. Мөн Их-Уул Цэцүүх багийн төвд, Эрдэнэхайрхан сумын Мухартын голд эко ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад өгсөн. Ирэх онд Отгон, Сонгино, Тэс суманд эко ариун цэврийн байгууламж барих төлөвлөгөөг гаргаад байгаа юм.



-Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан олон нийтэд зориулсан ямар үйл ажиллагаа зохион байгуулсан бэ?

-Завхан аймаг байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Байгалийн  диваажин” нэртэй мэргэжлийн гэрэл зургийн уралдааныг зарлаж нийт 17 гэрэл зурагчны 60 гаруй бүтээлээс эхний дөрвөн шилдэг зургийг шалгаруулсан. “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-т зориулаад дээрх уралдаанд оролцсон мэргэжлийн гэрэл зурагчдын шилдэг 40 гэрэл зургаар үзэсгэлэн гаргаад байна.

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтаж манай салбарыг сурталчлах аян эхэлсэн. Жил бүрийн 9 дүгээр сарын 27-нд дэлхийн аялал жуулчлалын өдрийг тэмдэглэдэг. НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага энэ жилийн өдрийг “Аялал жуулчлалыг шинээр эргэн төлөвлөж бодох нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн.

Ковидын цар тахлын байдал, дэлхийн хэмжээнд үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг тооцож үзээд дээрх уриаг дэвшүүлсэн юм билээ. Манай улс, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын гишүүн орны хувьд олон улсын тус байгууллагын уриалгыг дэмжин оролцож байгаа. Ингээд энэ өдрийг угтаж аялал жуулчлалын салбарыг сурталчлах аяныг улсын хэмжээнд зохион байгуулсан.


Манай БОАЖГ-аас цахим орчинд болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, залуучуудад зориулж аймгийнхаа орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч аймгийнхаа сонин содон түүхт газар нутгуудаар хэрхэн аялж болох талаарх сонирхолтой маршрутыг гаргаж танилцуулах сурталчлах ажлыг хийгээд байгаа.

Түүнчлэн тэмдэглэлт өдрийг угтаж, төр болон хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжийн оролцоог хангасан танилцуулах сурталчилгааны ажлуудыг хийсэн. Мөн 24 сумын онцлог, брэнд бүтээгдэхүүнийг танилцуулах цуврал мэдээллийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргээд байгаа юм.


Завхан аймгийг зорин ирсэн нийт дотоодын жуулчид, малчдаас аялал жуулчлалын салбарын үйлчилгээ болон үзэх сонирхолтой газрууд, аялал жуулчлалтай холбоотой судалгааг авсан. Хөдөө аж ахуйн уламжлалт өв соёл, газар нутаг, нүүдлийн мал аж ахуйн уламжлалт соёлд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судлах зорилготой судалгаанд одоогийн байдлаар 1200 гаруй хүн оролцсон байна. 


Энэ судалгааг үргэлжлүүлэн авч байгаа. Завхан аймагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын мэдээллийг шинэчилж бүртгэл үүсгээд олон нийтэд танилцуулах сурталчилгааг хийгээд байгаа. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын дэргэдэх эко клубийн сурагчдад зориулан байгаль орчны болон бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг сайжруулах сургалт хөтөлбөрүүдийг ирэх 10 дугаар сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


-Аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах чиглэлээр ямар ажлууд хийж байна?

-“Төрсөн нутгаараа аялцгаая” уриатай Улаанбаатар хотод зохион байгуулсан экспод Завхан аймаг амжилттай оролцсон. Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгийн БОАЖГ, Орон нутаг судлах музей, аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран Завхан аймгийн аяллын маршрут, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан. Орон нутгийн онцлог, 9 гайхамшиг, түүх дурсгалын газруудаа сурталчилсан. Удахгүй болох ITM-2022 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж байгаа.


-Аялал жуулчлалын нэгдсэн зөвлөгөөн болсон?

-Завхан аймгийн “Аялал жуулчлалын нэгдсэн зөвлөгөөн”-ийг БОАЖЯ, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн БОАЖГ, Аялал жуулчлалын холбоо болон Best хөтөлбөртэй хамтран өнгөрсөн тавдугаар сард Тосонцэнгэл сумын Хожуулын гол жуулчны баазад, амжилттай зохион байгуулсан.

Зөвлөгөөнд  БОАЖ-ын сайдын зөвлөх Г.Галбадрах, БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Одбаяр болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, салбарын дарга удирдлагууд болон холбооны тэргүүн, холбогдох байгууллагуудын удирдлагууд гээд 24 сумын удирдлагууд бүхий 100 гаруй төлөөлөгч оролцсон үр дүнтэй зөвлөгөөн болсон. Энэ үеэр Завхан аймгийн аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг явуулсан.

Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах. Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудын чанар стандартыг дээшлүүлэх. Жуулчдад зориулсан брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж, жуулчдын аюулгүй аялах нөхцөл боломжоор хангах. Мөн эвент зохион байгуулах зэрэг цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байгаа. Энэ зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэр, саналууд дээрх бодлогын баримт бичгүүдэд төлөвлөгөө, төлөвлөлттэйгөөр ажил хэрэг болох юм.

-Танд баярлалаа.

 

 

 

Холбоотой мэдээ