Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг анхны томилолтоороо Архангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-18 16:21:08

2016 оны наймдугаар сард Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Өлзийт сумаас хөдөөгийн анхны томилолтоо эхэлж, тухайн сумдын Эрүүл мэндийн төвүүдийн бүтэц, үйл ажиллагааны стандарт, салбарын стратеги төлөвлөгөө, холбогдох хууль эрх зүйн актын биелэлт зэрэгтэй танилцлаа.

Эрүүл мэндийн сайд тус төвүүдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг холбогдох албаны хүмүүстэй хэлэлцэхийн зэрэгцээ аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны иж бүрдэл, хагалгааны ор, Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвд  түргэн тусламжийн автомашин, Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвд дефибриляторын аппарат зэргийг тус тус гардуулан өгөв. Энэ арга хэмжээнд яамны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Энхболд, Архангай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа нарын зэрэг салбарын холбогдох албан тушаалтнууд байлцлаа. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлэг, Өлзийт сумын эрүүл мэндийн төвүүдийг үйл ажиллагаагаараа загвар болохуйц эрүүл мэндийн төвүүд байна” хэмээн сайшаав.

Эрдэнэмандал, Өлзийт, Хайрхан сумын эрүүл мэндийн төвүүдийн шаардлагатай зарим тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр боллоо гэж аймгийн ЭМГ-ын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн П.Жавзандолгор мэдээллээ. 

Архангай аймаг Л.Булган

 

 

 

 

Холбоотой мэдээ