БАЯНХОНГОР: "Эрүүл монгол хүн" нэгдсэн үйл ажиллагаа эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-04 15:12:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” нэгдсэн үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймгийн ИТХ, ЗДТГ-аас холбогдох талуудтай хамтран Баянхонгор аймагт өнөөдөр /2022.10.04/ эхлүүллээ.


Тус үйл ажиллагаа “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхэд талуудын оролцоог хангах, архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, монгол хүнийг өвчлөхөөс урьтаж урьдчилан сэргийлэлтийн цогц үйл ажиллагааг чиглэл бүрээр хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал буюу эрүүл хоол хүнсний хэрэглээг бий болгоход салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.

Нээлттэй өдөрлөгийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Спорт бодлогын зөвлөх М.Болд нар нээж үг хэлснээр аймгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй хийх уулзалт хэлэлцүүлэг эхэлсэн. Мөн үеэр “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг улсын хэмжээнд жишиг болгон хэрэгжүүлэхээр Баянхонгор аймгийг сонгосонд аймгийн удирдлагууд талархлаа илэрхийлэв.


Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ, БШУЯ, Цагдаагийн ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний телевиз, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн Наркологийн эмнэлгээс нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдлага, 20 сумын удирдлага, сургууль эмнэлгийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.


Удирдлагын бүрэлдэхүүний уулзалт хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан "Эрүүл монгол хүн” хөдөлгөөний үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга замын тухай, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал С.Өнөрсайхан "Нийгмийн эрүүл мэнд ба сэтгэцийн эрүүл мэндийн асуудал" сэдвээр, "Спорт ба эрүүл мэнд" сэдвээр Ерөнхийлөгчийн Спорт бодлогын зөвлөх М.Болд, "Хүн амын хооллолт ба шим тэжээл, эрүүл мэнд" сэдвээр  хоол зүйч, доктор, дэд профессор М.Пүрэвжав нар олон улс болон манай улсын түвшнийг харьцуулсан судалгаа мэдээллийг  танилцуулж, орон нутгийн түвшинд  бодит нөхцөл байдлын судалгааг гаргах аргачлал, хэрэгжүүлэх арга замд  орон нутгийн төлөөллийг сургаж ажиллахаа илэрхийлэв.


Хоёр өдөр үргэлжлэх нэгдсэн үйл ажиллагааны үеэр аймгийн хэмжээний 20 сумын удирдлага, нийгмийн ажилтан, сургуулийн захирал, төлөөлөлд  сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчин, сурагчдын хоолны шим тэжээл, зөв хооллолт сэдвээр сургалт мэдээлэл өгч, хоолны амталгаат шоуг мэргэжлийн багаас зохион байгуулах аж.


Мөн НЭМҮТ, СЭМҮТ-ийн эмч нарын баг сумдын эмнэлэг эрүүл мэндийн төвийн эмч нарт нэгдсэн сургалт явуулж, төрөлжсөн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг биеийн байдал хүндэвтэр, хүнд, маш хүнд, онош тодорхойгүй, лавлагаа шатлалын эмнэлэгт очиж үзүүлж чадахгүй байгаа иргэдийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар үзэх аж.

Холбоотой мэдээ