“Залуучуудын манлайллын чуулган” 2 өдөр үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Тусгай олимпын хороо /МТОХ/-ноос 2022 оны 10 дугаар сарын 5, 6-нд Улаанбаатар хотноо “Залуучуудын манлайллын чуулган - 2022”-ыг зохион байгуулах юм.
Тусгай Олимп /ТО/ нь спортоор дамжуулж оюуны ялгаатай
хөгжилтэй хүүхэд залуусын эрхийг хамгаалах, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэдэнд
урам зориг өгөх, спортоор хичээллэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах,
хөдөлмөрлөх тэгш эрхтэй гэдгийг олон нийтэд таниулж, нийгэм дэх хүний эрхийн
сөрөг хандлагыг өөрчлөх зорилготой, дэлхийн 190 гаруй улсыг эгнээндээ багтаасан
6 сая гаруй тамирчинтай Спортын хүмүүнлэгийн байгууллага юм.
Монголын Тусгай олимпын хороо нь 2013 онд байгуулагдсан,
3000 орчим оюуны ялгаатай хөгжилтэй тамирчид, 200 гаруй багш-дасгалжуулагч, 300
сайн дурын ажилтнуудыг эгнээндээ багтаасан Төрийн бус байгууллага юм.
Залуучуудын манлайллын чуулганы онцлог нь оюуны
бэрхшээлтэй болон энгийн 15-25 насны
залуучууд нэг дор цугларч, 2 өдрийг хамтдаа өнгөрүүлнэ. Чуулганы гол зорилго нь
залуу манлайлагчдыг бий болгох үүднээс “Манлайлал” гэж юу вэ? Манлайлагч ямар
зан чанар, чадварыг эзэмшсэн байх ёстой талаар, тэдний нийгэмд үзүүлэх
нөлөөлөл, үүргийн талаар суралцах болно.
Чуулганд оролцох оюуны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй залуу
манлайлагчид бие биенээсээ суралцах, ойлгох, хоорондоо найзлах, амжилт болон
тулгарч буй бэрхшээлийн талаар, тэдгээрийг яаж даван туулж байгаа тухай
өөрсдийнхөө түүхээс хуваалцаж мөн бусдаас суралцах болно.
Чуулганд оролцогч Манлайлагч тамирчдын дунд 2023 онд
Берлин хотноо зохион байгуулах Тусгай олимпын дэлхийн зуны наадамд оролцогчид
болон өмнө нь 2019 онд Абу Дабид болсон Зуны олимпын тамирчид, медальтнууд
төлөөлөгчөөр оролцоно. Энэхүү чуулганы 2 дахь өдөр буюу 10 дугаар сарын 6-нд 14
цагаас Хамтарсан Бочи спортын өдөрлөгийг зохион байгуулах юм.
Тусгай олимпын Алсын хараа болох “Хүртээмжтэй нийгэм”-ийг
цогцлоон байгуулахын төлөө залуу Манлайлагчид хамтдаа хэрхэн хөгжиж нийгэмдээ “Эерэг
хандлага”-ыг бий болгох талаар
шамдан суралцана гэдэгт итгэлтэй байгаа юм.
Манлайлагч залуучуудыг дэмжихээр Монгол Улсын Засгийн
газар, түүний харьяа яам, газар, Төрийн бус байгууллага, хувийн хэвшил, Монгол Улсын
гавъяат тамирчид, олимпын медальтнууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчид
хүрэлцэн ирж оролцох юм байна.