ТӨСӨВ 2023: Төсвийн хөрөнгө оруулалтын хамгийн ачаалалтай жил нь 2023 он болох нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-04 17:01:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2017-2022 онд 8.8 их наяд төгрөгийн санхүүжилт батлагдсанаас 2017-2021 онд 5.9 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдож, давхардсан тоогоор улсын хэмжээнд 6,323 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлжээ.


Монгол Улс ДНБ-ий дунджаар 4 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 1.6 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1,376 төсөл, үйл ажиллагааг баталсан. Үүнийг 749.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн нь энэ оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 44.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд дараах бодлого, зарчим, эрэмбийг баримтлан төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулжээ. Тухайлбал, хэрэгжүүлж буй төслийн явц, гүйцэтгэл үр дүнг шалгуураар эрэмбэлж төсвийн төсөлд тусгах, төсвийн ачааллыг багасгах зорилгоор төсөвт өртөг их, томоохон төслийг төсвийн баримт бичигт үндэслэн үе шаттай хэрэгжүүлэх, ирэх онуудад төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны бэлтгэл, ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий шинэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих гэжээ.


Түүнчлэн, төсвийн хөрөнгө оруулалтын хувьд хамгийн их ачаалалтай жил нь 2023 он болно. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа аж. Тодруулбал,

-Төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос хойш эхлүүлсэн дуусаагүй шилжих төслүүдийн үлдэгдэл санхүүжилт

-2022 оны төсөвт хийсэн 2 удаагийн тодотголоор багасгаж, хойшлуулсан хөрөнгө оруулалт болох 824.3 тэрбум төгрөг

-2021 оны барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан нэмэлт санхүүжилт болох 303.4 тэрбум төгрөг

-Өмнөх онуудад концессын “барих-шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулж, ажил нь дууссан төслүүдийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2023 онд төлөх төлбөр 279.6 тэрбум төгрөг

-Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн олон улсын гэрээгээр хүлээсэн Монгол талын санхүүжилт болох 244.1 тэрбум төгрөг зэргийг төсвийн төсөлд тэмдэглэжээ.


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны 51.9 хувь нь хөдөө орон нутагт, 30.1 хувь нь нийслэлд, 18 хувь нь улсын хэмжээнийх байгаа юм. Хөрөнгө оруулалтын 34.3 хувь нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт, 49.3 хувь нь авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарт, 14.1 хувь нь төрийн захиргаа, 2.3 хувь нь аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт хэрэгжихээр байгаа аж. 

Холбоотой мэдээ