Сумын хүүхдүүд хогоо ангилан боловсруулах үйлдвэрт шууд тушааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-10-04 16:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сурагч хүүхдүүдийг байгаль орчинд ээлтэй, амьдрах аргад суралцуулах зорилготой Тогтвортой хөгжлийн боловсролын хоёр дахь шатны төслийг Хэнтий аймгийн эко сургуулиуд тухайн газар нутаг, өв уламжлал, зан заншлын онцлогт тулгуурлан хэрэгжүүлж байна.


Хэнтий аймгийн Дадал суманд байгалийн болон түүхийн цогцолбор газруудад түшиглэн сурагч хүүхдүүдийг аялал жуулчлалын хөтөчөөр бэлдэж, сурагч хүүхдүүд “Ирээдүйн хөтөч” клуб ажиллуулж байна. Дадал сумын дунд сургуулийн захирал Д.Дамдинпүрэв, олон мянган жил нүүдлийн мал ахуй эрхлэн байгаль, дэлхийдээ ойр амьдарч буй монголчууд бидэнд Тогтвортой хөгжил гэдэг тийм хол зүйл биш. Хүмүүсийн хандлагыг өөрчилж, сэтгэлгээг нь холбоод өгөхөд л болохоор зүйл. Тогтвортой хөгжлийн жолоо нь боловсрол юм хэмээн онцолж байлаа.


Хэнтий аймгийн Баян-Адарга сумын сургууль ТХБ төслийн хүрээнд "Охидын клуб", "Ногоон төгөл", "Бүтээлч зун", "Органик бордоо-Олны хүч" зэрэг байгальд ээлтэй дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. "Бүтээлч зун" төслийн хүрээнд л гэхэд сургуулийн 400 гаруй сурагч, 20 гаруй багш ажилчид бүгд мод үрслүүлж, тарьжээ. 


Тус сургуулийн “Бүтээлч охид” клубын чиглүүлэгч, англи хэлний багш Г.Ариунаа өнгөрсөн 5 дугаар дугаар сараас эхлэн "Охидын клуб" хичээллүүлж эхэлснээр сум орон нутгийнхны хаягдал хувцас багассан гэв. Учир нь иргэдийн хаягдал хувцсыг цуглуулж, дахин боловсруулаад даавуун тор, малгай, ороолт, нүүр будагны сав, CD-ний уутнаас эхлээд гар урлалын олон төрлийн бүтээгдэхүүн хийж эхэлжээ.


Сум, орон нутгийн иргэд одоо хуучин хувцсаа хаяж, шатаахын оронд сургуульд авчирч өгдөг болжээ. Үүний үр дүнд сургуулийн багш нар бүгд нэг удаагийн гялгар уутны хэрэглээнээс татгалзаж, даавуун уут, сав хэрэглэдэг болсон төдийгүй сургуулийн сурагчид бүтээлч болж өөрчлөгджээ. Баян-Адарга сумын сургуулийн хүүхдүүд цахилгаанаас эхлээд хэрэглээгээ өдөр бүр хэмждэг болсон байна. Мөн лхагва гараг бүрийг автомашингүй өдөр болгож, сурагчид, багш нар, эцэг эхчүүд явганаар сургуульдаа ирдэг болжээ.




Эко сургуулийн болзлыг хангаад хоёр жил болж буй Хэнтий аймгийн Мөрөн сумын сурагч хүүхдүүд багаасаа хог ангилах дадалд суралцах аян өрнүүлж, аймгийн Засаг даргын дэмжлэгээр хог боловсруулах “Пластик центер” ХХК-тай хамтран ангилсан хогоо үйлдвэрт нь шууд тушаадаг болжээ. Ингэхгүй бол хог хаягдлаа ангилж буйн үр дүн, ашиг тус гарахгүй хэмээн тус сумын сургуулийн захирал М.Ариунаа хэлж байв. Хүүхдүүдийн ангилсан хогийг дээрх компаниас машин ирж авдаг, заримдаа сумаас аваачиж өгдөг байна. 


Сургуулийн захирал хэлэхдээ, зөв хүмүүжил бүх зүйлийн үндэс байдаг учир хүүхдүүдийг бага ангиас нь эхлэн хогоо хаяхгүй байх, ангилах, цэцэг, ногоо тарихад сургаж байна гэв. Тэрбээр, хандлага зөв байгаад тохитой орчинг бүрдүүлээд өгөхөд хүүхдүүд зөв суралцаж амьдарна гэдгийг  хэлж байна.


Тодруулга: Сэтгүүлчдийн сурвалжлагын аяллыг “Амгалан дэлхий” ТББ, "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубээс Хэнтий аймгийн удирдлага, сумдын багш, сурагч хүүхдүүдтэй хамтран зохион байгуулав.


Сэтгүүлчдийн сэтгэгдлийг сонсвол, залуу сэтгүүлч Л.Мишээл, сумдын мундаг хүүхдүүдтэй найз болон соёл, зан заншилтай нь танилцсандаа их баяртай байна гэсэн бол МҮОНР-гийн сурвалжлагч Э.Ганхуяг, сурагч хүүхдүүдээр бахархсан өдөр хоногуудыг өнгөрүүллээ. Зарим хүүхдүүд сэтгүүлчээр суралцах сонирхолтой байна. Бидэнтэй хамт "Тогтвортой хөгжлийн төлөө" сэтгүүлчдийн клубт нэгдээрэй гэж байлаа. “ЗМ” сонины сэтгүүлч Ц.Мягмарбаяр сониныхоо “Өв соёл, гэгээрэл” буланд сурагч хүүхдүүдийг хэрэгжүүлж буй ажлаа нийтэлж, хамтран ажиллахыг уриалсан юм.







 

Холбоотой мэдээ