Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-10-04 19:01:09

СТОКХОЛМ. /TASS/. Энэ оны Физикийн салбарын Нобелийн шагналын эздээр квант механикийн чиглэлээр судалгаа хийсэн Францын эрдэмтэн Ален Аспет, Америкийн физикч Жон Клаузер, Австрийн эрдэмтэн Антон Зейлингер нар тодорлоо.


Тэдэнд “Беллийн тэнцэтгэл бишийн зөрчлийг нотолсон сүлэлдсэн фотонууд бүхий туршилт хийснийх нь төлөө, мөн квант мэдээлэл зүйг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж" энэхүү нэр хүндтэй шагналыг олголоо гэж Шведийн эзэн хааны академийн Нобелийн хороо мэдэгджээ.  


Жон Клаузер физикч Жон Беллийн санааг дэлгэрүүлж хөгжүүлсэн юм. Жон Белл квант-механикийн тогтолцооны төлөвийг тайлбарласан далд параметрүүд байгааг нотлох эсвэл үгүйсгэх хэд хэдэн туршилт хийх боломжтойг харуулжээ. Клаузер туршилтаараа Беллийн тэнцэтгэл биш (теорем) зөрчигдөж байгааг харуулсан бөгөөд энэ нь квант механикийг далд параметрүүдийг ашигласан онолоор сольж болохгүй гэсэн үг юм.


Ален Аспет нь Клаузерын туршилтын дараа үлдсэн далд параметрүүдийн оршин байх боломжтой зарим цоорхойг хааж, эх үүсвэрээс гарахаас өмнө сүлэлдсэн хос фотон дээр хэмжилтийн болзошгүй нөлөөллөөс сэргийлжээ.


Харин Антон Зейлингер сүлэлдсэн хос фотоныг хэрхэн ашиглаж болохыг судалж эхэлжээ. Түүний судалгааны баг квант төлөвийг нэг бөөмөөс нөгөө бөөм рүү хол зайд шилжүүлэх боломжтой квант телепортац хэмээх үзэгдлийг харуулсан байна. 


Өнгөрсөн онд Америкийн эрдэмтэн Сюкуро Манабе, Германы физикч Клаус Хассельман, Италийн эрдэмтэн Жоржио Паризи нар Физикийн салбарын шагналыг хүртсэн билээ. 


Италийн эрдэмтэн "атомоос гараг хүртэл физикийн систем дэх эмх замбараагүй байдал, хэлбэлзэл хэрхэн харилцан үйлчлэлцдэгийг нээснийхээ төлөө” хүртсэн бол Америк, Германы эрдэмтдэд “дэлхийн уур амьсгалын физик загварчлал, хувилбарын тоон дүн шинжилгээ, дэлхийн дулаарлын найдвартай урьдчилсан таамаглал гаргасных нь төлөө" энэхүү шагналыг олгожээ.


Холбоотой мэдээ