ДАРХАН-УУЛ: Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын дурсгалын хөшөөг босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-07 16:20:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал, Дархан хотын “Хүндэт иргэн” Юмжаагийн Цэдэнбалын дурсгалын хөшөөг босголоо.


Энэхүү хөшөө боссон газар нь Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж юм. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 87 дугаар тогтоолоор нэрэмжит болгосон аж. Тодруулбал Дархан сумын наймдугаар багийн нутаг “Тээвэр Дархан” ХХК-ийн зүүн урд уулзвараас төмөр замын наймдугаар байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгон баталжээ. Уг дурсгалын хөшөөг Дархан-Уул аймаг дахь Увс аймгийн нутгийн зөвлөлийн захиалгаар Зураач урчуудын эвлэлийн уран бүтээлчид хоёр сар гаруй хугацаанд бүтээжээ. Хөшөөний бүтцийн ерөнхий хэлбэрийн тухайд галын дөлийг бэлгэдэн дүрсэлсэн аж. Зургийн тухайд 1961 онд Дархан хотыг байгуулахад хүрэлцэн ирж байх үеийг илэрхийлсэн Ю.Цэдэнбалын алхаж явааг өмнө дүрсэлж, арын хэсэг өнөөгийн Дархан хотын хөгжил цэцэглэлтийг харуулжээ.


БНМАУ-ын баатар, Хөдөлмөрйн баатар, Маршал, Дархан хотын “Хүндэт иргэн” Юмжаагийн Цэдэнбалын дурсгалын хөшөөг ийнхүү босгосон бол ирэх хавраас тухайн гудамжийн тохижилтын ажлыг “Цахимбар инженеринг” ХХК гүйцэтгэх ажээ.

Холбоотой мэдээ