Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг 2 дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-10-08 13:17:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн /2022.10.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Жаргалмаа, Н.Энхболд, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Батлут, П.Анужин, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, С.Ганбаатар, С.Чинзориг, Б.Бейсен, Ц.Туваан, А.Адъяасүрэн нар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд  асуулт тавьж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 22.1-т заасан шаардлагыг хангасан талаарх санал хураалтыг явуулав.


Хуралдаанд оролцсон гишүүдийн 62.3 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүллээ.


Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулав

Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Т.Энхтүвшин нарыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулууныг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэнг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж буйг дурдсан байлаа.


Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамыг Эдийн засгийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүнээр тус тус батлахаар тусгасан байв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд  өөрчлөлт оруулах тухай” УИХ-ыг тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжлээ.


Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав

Энэ  талаарх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.


Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,  тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 6 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай заасан бөгөөд мөн зүйлийн  6.2 дахь хэсэгт “Монгол Улсын Их Хурал энэ хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий түр хороог Улсын Их Хурлын бүх Байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллийг оролцуулан байгуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын “Түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороог байгуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсныг дурдав.


Мөн Монгол Улсын Их Хурлын “Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай” 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  56 дугаар тогтоолоор Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Б.Саранчимэгийг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Г.Мөнхцэцэгийг, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Э.Батшугарыг, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Анужинг, Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Т.Энхтүвшинг, Хууль зүйн байнгын хорооны даргаар Л.Мөнхбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцаг нарыг сонгосон тул Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах шаардлага гарсныг танилцуулгадаа дурдлаа.


Түүнчлэн “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцолж байлаа.


Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Түр хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ыг тогтоолын төслийг батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад,  хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь нь дэмжив.


Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсов

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэгт ажлаас огцруулж байгаагаа танилцууллаа.

Холбоотой мэдээ