ДАРХАН-УУЛ: Төмрийн хүдрийг эдийн засгийн эргэлтэд оруулж, олсон орлогоороо хөрөнгө оруулалтаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-10-10 20:08:26

Дархан-Уул /МОНЦАМЭ/. УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин болон байнгын хорооны гишүүд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.


Ажлын багийнхан Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн өмчийн оролцоотой томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрхэн ажиллах, эдийн засаг, хөрөнгө оруулалтууд тухайн компаниудад хэрхэн хийгдэж буй талаар газар дээр нь танилцаж байна. Ингэснээр намрын ээлжит чуулганаар УИХ-д тайлагнах, Засгийн газарт мэдээлэл хүргэж цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэх аж.

Уулзалтын эхэнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунболд мэдээлэл хийв. Тэрээр хэлэхдээ: Тус үйлдвэр нь төрийн мэдэлд шилжиж ирснээр даруй таван сар болсон. Энэ хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон, ажлын нөхцөл доройтсон гэх ташаа мэдээлэл сүүлийн үед нэлээд цацагдах болсон. Өөрийн биеэр ирж танилцаж үзээгүй байж олон нийтэд буруу ойлголт өгөх хандлага ихээхэн ажиглагдах болсон. Яг энэ цаг үед УИХ-ын үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, гишүүд ирж уулзаж ярилцан, үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа нь маш зөв, зүйтэй ажил болж байна. Үнэн хэрэгтээ маш хүнд нөхцөлд орсон үйлдвэрийг төр хүлээж авсан. Баланс дахь мэдээллээр 658 тэрбум төгрөгийн өртэй, 2.2 тэрбум төгрөгийн алдагдалтай, нийт авлага нь 372 тэрбум, сэлбэг, бараа материал, түүхий эдийн нөөцгүй, он гарснаас хойш үйлдвэр ажиллаагүй, уурхайн үйл ажиллагаа доголдсон байсан. Хорь гаруй ААНБ-тай 40 гаруй сая долларын хүдэр борлуулах урьдчилсан гэрээ хийсэн. Энэхүү 40 гаруй сая долларын төлбөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-д байхгүй, хоорондын тооцоо төлбөр, Худалдаа хөгжлийн банкны зээл гэсэн хэлбэрээр шилжүүлэг хийгдсэн байсан. Тийм учраас гэрээ хийсэн ААНБ-ууд асуудал маш хүндрэлтэй байгаа, үүн дээр АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Төрийн өмчийн бодлого зохиуцуулалтын газраас хууль, хяналтын байгууллагын шийдвэр гартал гэрээг түтгэлзүүлсэн. Үүнийг ойрын үед хууль, журмын дагуу шийдвэрлэхээр ажиллаж байна гэв.

Төмөрлөгийн үйлдвэрийг төр хүлээж авснаас хойш, өмнөх хуримтлагдсан төмрийн баяжмал түүн дээр сүүлд үйлдвэрлэсэн таван сая гаруй тн төмрийн хүдрийн баяжмал одоо байна. Уг баяжмалыг борлуулж компанийг санхүүжүүлэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн цар тахлаас шалтгаалан дэлхийн зах зээл, БНХАУ-ын хил, гааль хаагдсан, зах зээлийн эрэлтээс шалтгаалан төмрийн хүдрийн баяжмал сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүйгээр үнэ маш бага болсон. Үүнээс үүдэн төмрийн хүдрийн баяжмалын борлуулалт эрс буурсан. Тиймээс борлуулалтад компанийн ТУЗ-тэй хамтран боомтын үнийн дүнг судалж тохируулга хийх, үнийн бодлогыг гарган ажиллаж байгаа аж. Одоогоор сард орж буй орлогын тухайд ажилтнуудын цалин, хөлс, нийгмийн даатгал, татвар төлөхөд хангалттай хүрэлцээтэй байгаа гэдгийг ч гүйцэтгэх захирал онцоллоо.

Түүнчлэн үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд концессын гэрээний хэрэгжилтийн дүгнэлт, цаашид хэрхэн ажиллах, борлуулалтыг ямар түвшинд хийж үйлдвэрийг санхүүжилттэй болгох талаар Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн удирдлагуудаас тодруулав.

Концессын гэрээний хэрэгжилтийн тухайд Монгол Улсын Засгийн газраас хангалтгүй гэж үзэн цуцалж төр авсан талаар үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Ариунболд мэдэгдлээ.

Цахим орчинд цацагдаж буй буруу ташаа мэдээлэл шиг үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл үгүй. Харин эсрэгээрээ зогсонги байдалд орсон, доголдсон үйлдвэрийг төр хүлээн авч үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр ажиллаж байна гэв. Өнгөрсөн хугацаанд концессын гэрээний хүрээнд хэрэгжих байсан “Гангийн цогцолбор” үйлдвэрийг төр барихаар ханцуй шамлан ажиллаж байна. Өнгөрсөн таван сарын хугацаанд бичиг баримтын ажлууд цэгцэрсэн аж.

Цаашид үйлдвэрийн хэвийн ажиллах нөхцөл боломжийг улам сайжруулах, хөрөнгө оруулалт, орлогыг нэмэгдүүлэх хүрээнд ажиллах хэрэгтэйг УИХ-ын гишүүн, үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин онцлов. Хөрөнгө оруулалтын асуудлаа засгийн газар, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тухай бүрт мэдэгдэж байх хэрэгтэй. Тиймээс цаг алдалгүй одоо байгаа төмрийн хүдрийг эдийн засгийн эргэлтэд оруулж олсон орлогоороо хөрөнгө оруулалтаа хийх нь чухал гэв. 

Холбоотой мэдээ