Хүнс ба бидний ирээдүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
tumenee01@gmail.com
2022-10-12 11:27:50

Винод Ахужа (НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч) 

        

Цар тахал, дайн мөргөлдөөн, байгалийн гамшгаас үүдэлтэй сорилтуудтай нүүр тулахын хэрээр ирээдүйн хүнсний тогтолцоо улам бүр бүрхэг болж байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Сүүлийн жилүүдэд хүнсний тогтолцооны эмзэг, тэгш бус байдал ил гарч, бидний эргэн сэргэх чадварыг шалгалаа. Украинд өрнөж буй дайн дэлхийн зах зээл дээрх хүнсний үнийн өсөлтөд нөлөөлж эрүүл хооллолтын өртгийг нэмэгдүүллээ. Хүнсний хангамж нь дэлхийн зах зээлээс хамааралтай байдаг улс орнууд илүү хүнд сорилтуудтай тулгарч байна, үүнд Монгол Улс ч хамаарна.


Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн тогтолцоо ахиц дэвшлүүдийг гаргасан хэдий ч эдгээр ололт амжилтын тогтвортой байдал эмзэг хэвээр байна. Цар тахлын үеэр хүнс, хөдөө аж ахуй нь хамгийн тэсвэртэй салбаруудын нэг байсан ч хүнсний гол нэрийн барааны үнэ 20 гаруй хувиар өссөн нь нийгмийн эмзэг бүлгийнхэнд хүндээр нөлөөлж байна. Хөдөө аж ахуйн бүтээмж буурч, шинэ өвчин гарч, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, дайн мөргөлдөөн нь шилжилт хөдөлгөөн, нийгмийн зөрчилдөөн, сэтгэлзүйн хүнд дарамтыг бий болгож байна.


Уул уурхай зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй нөлөөлөл улам нэмэгдэж нь хөрсний доройтол, цөлжилт, биологийн олон янз байдлын алдагдал, усны чанар, хангамжийн бууралтад хүргэж байна. Нийт бэлчээрийн 75 гаруй хувь нь тодорхой хэмжээнд доройтож, 25 орчим хувь нь ноцтой доройтсон байдалтай байгаа нь урт хугацааны байгалийн нөхөн сэргэлтийг шаардаж байна. Шим тэжээлийн дутагдлын олон хэлбэр, тэр дундаа хэт таргалалттай зэрэгцэн шим тэжээллэг хоол хүнсний хангамж, аюулгүй байдал ихэнх монголчуудын хувьд хангалтгүй байна. Монгол Улсын дөрвөн хүн тутмын нэгийн хүнсний аюулгүй байдал дунд болон ноцтой хэмжээнд алдагдаж, түүнчлэн хэт таргалалттай мөн хоол хүнснээс үүдэлтэй өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Монголчуудын 55 хувь нь илүүдэл жинтэй, 20 хувь нь хэт таргалалттай. Монгол Улс эрт нас баралтын түвшингээр ижил орлоготой орнуудын дунд хоёрдугаарт жагсаж байна.


Монголчуудын 50 хувь нь эрүүл хооллох өртгийг төлж чадахгүйд хүрчээ


5 жилийн өмнө хийсэн хоол тэжээлийн үндэсний судалгаагаар 5 хүртэлх насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь нь Д аминдэмийн дутагдалтай гарчээ. 5 хүртэлх насны хүүхдийн А аминдэмийн дутагдал 9.5% байна. 2-59 сартай хүүхдүүдийн 27%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 21% нь цус багадалттай байжээ.


Эдгээр бичил элементийн дутагдал нь зүрх судас, бодисын солилцооны өвчлөлийн эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Улс орнуудын хоолны дэглэм болон халдварт бус өвчний эрсдэлийг харьцуулсан дэлхийн судалгаагаар Монгол улс хоол тэжээлийн тэнцвэргүй байдлаас үүдэлтэй зүрх судасны өвчлөлийн нас баралтын хувиар бүх улс орнуудын дунд 1-р байранд оржээ. Үүний зэрэгцээ монголчуудын бараг 50 хувь нь эрүүл хооллох өртгийг төлж чадахааргүй байна. Цаашилбал, сүүлийн үеийн хямралууд гүнзгийрч байгаатай холбоотойгоор эрүүл хооллолтын үнэ буурахгүй харин улам ихсэх эрсдэлтэй байна.


Хүнсний тогтолцооны байдал нь бидний бие махбод, хүрээлэн буй орчин, эдийн засаг, соёл иргэншилд нөлөөлдөг. Тиймээс хүнсний тогтолцоог зөв хөгжүүлж тогтвортой байлгахад тулгамдаж буй асуудал нь хангалттай, тэжээллэг хүнс үйлдвэрлэх төдийгүй хүмүүсийн амьжиргааг сайжруулах, экосистемийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн энх тайван байдлыг бий болгоход хувь нэмрээ оруулах зэрэг болж байна.


Байгаа төсөв, нөөцөө зөв ашиглан илүү үр дүнд хүрч, эрүүл хооллолтын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй


Эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлж ахиц дэвшлийг хурдасгах шаардлагатай байна. Үүний тулд дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хүнсний хангамжийн сүлжээг бэхжүүлэх, малчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг өртгийн сүлжээнд оролцуулах, технологийн шинэчлэл хийх, тоо хэмжээнээс илүү чанарт анхаарах, агро-экологийн бүтээгдэхүүнийг брэнд болгох шаардлагатай байна. Төрийн, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зах зээл, хэрэглэгчид, тариаланчдыг хөгжүүлэх хөдөлгөгч хүч болж чадна.


Жил бүрийн 10-р сарын 16-нд Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хүнсний тогтолцооны үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж гарц, шийдэлд хамтын хүчийг нэгтгэх зорилготой юм. Хүнсний тогтолцоог сайжруулах нь Тогтвортой хөгжлийн бүх зорилгыг биелүүлэхэд ахиц дэвшил гаргах хамгийн хүчирхэг арга замуудын нэг юм.


Бидний өмнө тулгараад байгаа харилцан уялдаатай олон сорилтууд нь хүнсний тогтолцоог өөрчлөх, өлсгөлөн, ядуурлыг эцэс болгохын тулд шинэлэг сэтгэлгээ, шинэ арга барилыг шаардаж байна. Засгийн газар төсвөө хэрхэн илүү хэмнэлттэй, үр ашигтайгаар төлөвлөж, шим тэжээлтэй хүнсний үнийг хэрхэн бууруулах талаар бодолцох хэрэгтэй. Бид байгаа төсөв, нөөцөө зөв ашиглан илүү үр дүнд хүрч, эрүүл хооллолтын хүртээмжийг нэмэгдүүлж, тогтвортой, хэнийг ч орхигдуулахгүй ирээдүйг бүтээх ёстой.

Холбоотой мэдээ