Бурхны бэлэг-Алтан охин алтан медаль цуглуулсаар

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2022-10-17 16:33:25


Алдар нэр нь М. Анхцэцэг ч гэлээ, ард түмэн нь түүнд “Алтан охин”  хэмээх нэр хайрлаж, харин багш нь түүнийг “Бурхны бэлэг” гэж тодотгожээ. Ингэж бичингүүт хэний тухай болохыг уншигчид гадарлаж байгаа байх. Энэ бол Монголын хүндийг өргөлтийн түүхийн хуудсыг шинэчлэн бичигч, гавьяат тамирчин М.Анхцэцэг юм. Бөмбөрцгийн спортын хамгийн том цэнгэл болох олимпод өндөр амжилт үзүүлэн алтан медаль авах боломжтой хэмээн үнэлэгдэж, Монголын их спортын ТОП-4 төрөл гэж дархлагдаад байсан чөлөөт, жүдо, бокс, буудлагын төрөлтэй эн зэрэгцүүлэн хүндийн өргөлтийг гаргаж ирсэн хүн бол яах аргагүй М.Анхцэцэг. Үүнийгээ ч баталж, гурав хоногийн өмнө Бахрейн Манама хотноо болсон хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 87 кг-ын жинд бахдам амжилт үзүүлэн аваргын алтан медаль зүүлээ. Тэрбээр жиндээ хамгийн өндөр захиалгыг өгч, огцом өргөлтөд 105 кг-ыг, түлхэлттэй өргөлтөд 135 кг-ыг захиалсан байна. Гэвч дасгалжуулагчийнхаа зөвлөснөөр захиалгаа өөрчилж, 111 кг болгоод амжилттай өргөсөн төдийгүй дарааачийн оролтод 114 кг-ыг захиалаад түүнийгээ гүйцэтгэж, огцомд алтан медаль авах нь тодорхой болсон бөгөөд түлхэлттэй өргөлтөөр 135 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 249 кг-ын амжилтаар алтан медаль авч Ази тивийн аварга цолыг хоёр дахиа хүртлээ.

 

Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэн дэх олон олон амжилтын анхдагч, Дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, Олимпийн 4 дүгээр байрын шагналт, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга "Алтан охин" хэмээн ард түмэндээ нэрлэгддэг, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг ийнхүү тивийн хошой аварга болов.


Одоогоос ердөө 10 сарын өмнө Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохиогдсон хүндийг өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд М.Анхцэцэг 87 кг-ын жинд өрсөлдөж, огцом өргөлт болон түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр АЛТАН МЕДАЛЬ хүртсэн. Тэрбээр огцом өргөлтөөр 109 кг-ыг өргөж, мөнгөн медаль, дараа нь түлхэлттэй өргөлтөөр 141 кг-ыг амжилттай өргөж, мөнгөн медаль хүртсэн ба нийлбэр дүнгээр 250 кг-ыг өргөж, Дэлхийн аварга болж байсан юм.


Түүний тухай Чөлөөт нэвтэрхий толь — Википедиа-д “Тайж овгийн Мөнхжанцангийн Анхцэцэг нь 1997 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Хүндийн өргөлтийн тамирчин, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга. Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ нь Монголын туйванчдын оргил амжилт юм.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Монголын хүндийг өргөлтийн спортын баярын өдөр. Учир нь 2017 оны энэ өдөр алсын Амeрикт М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль зүүсэн тэрхүү өдрийг “Монголын хүндийг өргөгчдийн баярын өдөр” гэж тэмдэглэж байхаар МХӨХ-ноос зарласан билээ. М.Анхцэцэг 2012 оноос хойш үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийж, амжилтын төлөө хамт зүтгэж явна. М.Анхцэцэг 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргажээ. 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13 настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм. Монгол Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн. Амжилтын товчоон:

·         2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль

·        2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)

·         2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль

·         2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

·         2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)

·         2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)

·         2016 он: Залуучуудын Азийн аварга болсон

·         2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

·         2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн

·         2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн

·         2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон

·         2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн

·         2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.

·         2019 он: Дэлхийн цомын аварга болсон түүхтэй гэсэн байна.

 

Үнэхээр ч түүний олон улсын тавцанд гаргаж буй амжилт, ялалт бүхэн Монголын хүндийг өргөлтийн түүхэн дэх цоо хуудас болж, шинэ рекорд болон тэмдэглэгддэг болохоор бид М.Анхцэцэгээс тив, олимп, дэлхийн хэмжээний амжилтыг хүлээж, нэхэх болсон юм. Зөвхөн монголчууд төдийгүй, АНУ, БНСУ, Тайланд, Узбекстанаас өөрийнхөө нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцуулах өндөр мөнгөн дүнтэй гэрээг санал болгосоор байгаа дуулддаг ч “Алтан охин” маань “Би мөнгөний төлөө штанг өргөдөггүй, эх орныхоо төлөө өргөдөг. Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний зорилго. Тэрнээс биш миний хувьд мөнгө чухал биш” гэж хэлдэг гэх омогшил дүүрэн хариулт нь элэг нэгт монголчууудыг нь уяраасаар байдаг. Туйванч бүсгүй маань шинээр хичээллэж буй залууст “Хамгийн гол нь тууштай байгаарай. Ер нь аль ч спорт хүнд хүмүүжил олгодог. Спорт бол хүндлэл, хүн байхыг заадаг юм болов уу гэж боддог. Бурхан тууштай, үнэн зөвөөр хөдөлмөрлөсөн хүнийг заавал шагнадаг юм шүү” гэж захьсан нь хэр холын ухаантай болохыг нь ямар нэг тайлбаргүй хэлээд өгнө.

Одоогоос найман жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагандаа “Баярмаа эгч шиг мундаг тамирчин болохыг хүсдэг. Надад үргэлж мэдлэг, туршлагаасаа хуваалцдаг эгчдээ хайртай шүү. Би олимпийн аварга болох зорилготой, зургаан жил төмөр өргөж байна. Үүнийхээ үр шимийг амсахыг өдөр бүр хүсдэг, мөрөөддөг, залбирдаг” гэж хэлж байж. Ингэж хэлснээсээ ердөө жилийн дараа буюу 18-хан настайдаа ДАШТ-д 2014 онд анх удаа оролцож, огцомоор 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарахдаа Монголын хүндийг өргөлтийн амьд домог, гавьяат тамирчин Н.Баярмаагийн эзэмшиж байсан огцом өргөлтийн амжилтыг эвдэн, улсын рекордыг шинэчилж байлаа. Тэгвэл, өдгөөгийн алдарт тамирчин М.Анхцэцэгийн ярилцлаганд дурдагдсан туйванч Н.Баярмаа гэж хэн бэ.

Түүний тухай “Намхайдоржийн Баярмаа нь Монголын хүндийг өргөлтийн тамирчин юм. Н.Баярмаа 2004 оны Афины олимпод хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 58 кг-д нийлбэр дүнгээр 195 кг өргөж, 14 дүгээр байрт орж байсан бол, 2008 оны Бээжингийн олимпод жин өгсч, хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 63 кг-д нийлбэр дүнгээр 213 кг өргөж 10 дугаар байрт орсон” гэж Чөлөөт нэвтэрхий толь-д дурджээ. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн хувьд Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл, Зүүн Азийн наадмын мөнгө, хүрэл медальтай тэр ч утгаараа цагтаа Монголын хүндийг өргөлтийн домог болсон тамирчин. Н.Баярмаа 18 жил туйван өргөхдөө 58, 63, 69 кг-ын жинд Монголын хүндийг өргөлтийн рекордыг 119 удаа эвдсэн нь түүх болж үлдсэн байдаг. Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярмаагийн сүүлийн тэмцээн нь Зүүн Азийн наадам байсан бөгөөд тэрээр алтын дайтай мөнгөн медаль зүүсэн. Хэдийгээр алтан медаль хүртсэн тамирчинтай адилхан өргөсөн ч биеийн жингээс болоод мөнгөн медаль дээр буусан учраас ингэж хэлж байгаа юм. Н.Баярмаа “Хүндийг өргөлтийн спорт маш сайн хөгжиж байна. Энэ үед бэлтгэгдэж байгаа тамирчдыг би маш их азтай гэж боддог. Заал талбай хангамж гээд бүх л зүйл байна. Өөрөө л хичээх юм бол амжилт гаргах бүрэн боломж бий. Үүний нэг жишээ манай М.Анхцэцэг. Эх орныхоо нэрийг дуурсгаж, амжилттай яваад нь маш их бахархаж байна. М.Анхцэцэгийн хувьд эх орныхоо нэрийг дуурсгахыг хүссэн. Энэхүү саналыг нь ч би хүндэтгэж байгаа” гэсэн ярилцлага өгч байжээ.

Монголын туйванч бүсгүйчүүдийн залгамж халаа илүү тодоор гялалзах болтугай.

Н.Саранчимэг 

Холбоотой мэдээ