Нийтийн эдэлбэрт нэмж 3.7 га газар бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-19 13:57:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн эдэлбэр газарт хамааруулж болох байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий газрыг нийтийн эдэлбэрт бүртгэх ажлыг үе шаттай хийж байна.


Нийт 16 байршлын 3.77 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгүүлэхээр нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав. Үүнд:

Баянгол дүүрэгт таван байршил бүхий 0.61 га

Баянзүрх дүүрэгт дөрвөн байршил бүхий 0.31 га

Сонгинохайрхан дүүрэгт хоёр байршил бүхий 0.25 га

Сүхбаатар дүүрэгт  гурван байршил бүхий 2.07 га

Хан-Уул дүүрэгт нэг байршил бүхий 0.43 га

Чингэлтэй дүүрэгт нэг байршил бүхий 0.11 га газар байгаа юм. Эдгээрээс 2 байршилд тоглоомын талбай, 13 байршилд тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол байгуулахаар төлөвлөжээ.


Түүнчлэн, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 133 байршлын 225.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа аж.


Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р.Дагва  “Цаашид нийтийн эдэлбэрт бүртгэх газрыг нэмж, тохижуулахад анхаарах хэрэгтэй. Мөн хашаа, хайс, гарааш буулгаж байгаа нь дугуйн, явган замыг нэмэх, тохижуулахад ач тустай” хэмээлээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Өнгөрсөн 6 дугаар сард 16.9 га газрыг нийтийн эзэмшилд бүртгэсэн. Газар чөлөөлсөн 188 байршлыг нийтийн эдэлбэрт авахаар ажиллаж байна. Ирэх жил 20 га орчмыг нийтийн эдэлбэрт бүртгэнэ” гэв.


Энэ жилийн хувьд 20 км хашаа, хайс буулгахаар төлөвлөсөн нь 92 хувьтай үргэлжилж байгаа. Мөн 4860 гарааш чөлөөлөхөөс 4100-г нь буулгаад байна.


Хотын дарга дээрх ажлууд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцлоод, ажлаа эрчимжүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэлж байлаа. Тус асуудалд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган, НИТХ-аар хэлэлцүүлэхээр болсныг нийслэлийн Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв

Холбоотой мэдээ