Б.Жонсонд ерөнхий сайдын сонгуульд оролцохгүй байхыг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-21 12:41:08

ЛОНДОН. /TASS/. Их Британийг Европын Холбооны бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг хариуцсан сайд асан Дэвид Дэвис Ерөнхий сайд асан Борис Жонсонд Засгийн газрын шинэ тэргүүний сонгуульд оролцохгүй байхыг зөвлөжээ. 


Д.Дэвис пүрэв гарагт "LBC" радиогийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Б.Жонсон амралтаа зогсоож, ирэх амралтын өдрүүдэд эх орондоо буцаж ирнэ гэх мэдээ цацагдсанд тайлбар хийсэн байна. Түүний залгамжлагч Лиз Трасс огцорч, тэрбээр эрх баригч Консерватив намын дарга, засгийн газрын тэргүүний албан тушаалын төлөө дахин өрсөлдөж магадгүй гэх таамаглал гарч байх үед энэ мэдээ гарчээ. “Үнэнийг хэлэхэд би түүнд далайн эрэг рүүгээ буц гэж хэлмээр байна. Бидэнд шийдэх шаардлагатай техникийн шинжтэй эдийн засгийн үнэхээр том асуудлууд байна. Тэр үүнд тохирохгүй” гэж эрх баригч Консерватив намын депутат болох Д.Дэвис хэлжээ. 


Үүнээс гадна, Д.Дэвис Б.Жонсоныг парламентад дэмжлэг авч чадна гэдэгт эргэлзэж байна. "Танд Нийтийн танхимд төмөр бетон мэт дэмжлэг хэрэгтэй. Харин түүнд ийм дэмжлэг байхгүй гэж би бодож байна" гэж тэрбээр хэлсэн байна. 


Харин Их Британийн Ерөнхий сайд асан одоогоор чимээгүй байна. Түүний үнэнч дэмжигч, Дижитал технологи, соёл, хэвлэл мэдээлэл, спортын сайд асан Надин Доррис Б.Жонсоныг нутаг буцаж байгаа эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулаагүй ч энэ асуултад хэсэг хугацааны дараа “олон нийтийн сүлжээгээр” хариулт авах боломжтой гэжээ. 


Ерөнхий сайд Лиз Трассыг огцросны дараа Б.Жонсон амралтаасаа Лондон руу яаралтай буцаж байна гэж "The Telegraph" сонин мэдээлжээ. 


Түүнчлэн "The Times" сонинд Б.Жонсоныг Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөж магадгүй гэж бичсэн байна. Харин "Sky News" сувгаар мэдээлснээр, энэ сонгуульд ялах магадлалтай хүн нь Сангийн сайд асан Риши Сунак юм.  


Лиз Трасс албан тушаалаасаа огцорч байгаагаа 10 дугаар сарын 20-нд мэдэгдсэн билээ. Тэрбээр Ерөнхий сайдаар ердөө 44 хоног ажиллаж, Их Британийн түүхэнд хамгийн богино хугацаанд засгийн эрхийг барьсан хүн болжээ. 



Холбоотой мэдээ