Хотын дарга тохижилтын ажилд саад учруулж буй аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэхээ илэрхийллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Энигма” ХХК-ийн удирдлага Богдхан уулын аманд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орчны тохижилтод анхаарч, хамтран ажиллахаар болсон ч тухайн газарт машин техник оруулахгүй, тохижилтод саад учруулснаас ажил нь бүтэн сараар саатаад байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Дархан цаазат Богдхан уулын амд байрлах зөвшөөрөлгүй шавар гэрүүдийг буулгаж, чөлөөлсөн талбайд иргэдийн амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчин бүрдүүлж эхлүүлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй тус аж ахуйн нэгжтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, тохижилтыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосныг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.
Хотын дарга Д.Сумъяабазар
“Энэ аж ахуйн нэгж иргэдийн эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж
байгаагаас ялгаа алга. “Энигма”-гийн удирдлагууд энэ газрыг өөрийн өмч мэт харж байна. Улсын өмч энэ газарт нийтийн эрх ашгийг
хангасан олон ажил хийх ёстой. Хуулийг уландаа гишгэж, иргэдийн сонирхлыг дэвссэн
байдалтай эвлэрэхгүй. Тус компани хураамж
хүртэл авч байна. Хураамж нь хотод орж ирдэггүй, хувийн компаниуд халааслаад
үлддэг. Ирэх онд явган болон
дугуйн зам, ногоон байгууламж хийнэ. Нийслэлийн түгжрэл, ногоон
байгууламжийг үе шаттай шийднэ” гэлээ.
Дугуй цагаан орчмын тохижилтын ажлын явц, төсвийн талаар
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат ярихдаа, “Дугуй цагаан орчмын тохижилтыг
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж, энэ сарын 15-нд дуусах ёстой байсан ч сараар хоцорч байна. Эдийн засаг, инфляцын
өсөлт гээд одоогоор 200 сая орчим төгрөгийн алдагдалд орж,
энэ хэмжээгээр нэмэлт хөрөнгө оруулалт хэрэгтэй боллоо. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, ажиллах хүч зэрэг
зардлууд нэмэгдэж байна. Тохижилтыг
богино хугацаанд дуусгаж, зохион байгуулалттай ажиллах үүргийг Хотын
дарга өгсөн. Энэ газарт машин,
техник хэрэгсэл оруулахгүй бол хот
төсвийн алдагдалд орох, тохижилтын төсөв нэмэгдэнэ. Одоогоор тус газрын 90 хувийг тохижуулаад байгаа. Ариун цэврийн
өрөө, тусгай харуул хамгаалалт, кофе шопын байгууламжийн ажил 70 хувьтай байна.
Хот тохижилтын газраас Дугуй цагаан, Бага тэнгэрийн ам, Богд хааны музейн урд
талыг тохижуулж, зөвшөөрөлгүй
гараашыг буулгасан. Гарааш буулгасан байршлыг тохижуулж, мөн гэр хорооллын дундах бичил цэцэрлэгт хүрээлэн
байгуулж байгаа гэлээ.
Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын тохижилтын хүрээнд 2.7 га талбайд 4047 ам метр явган зам, 7950 ам метр ногоон байгууламж, 24 хогийн сав, 48 гэрэлтүүлэг, 17 хүүхдийн тоглоом суурилуулж байгаа юм.