Манай улсад 92 улсын 7 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-21 15:43:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад энэ оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын 92 улсын 7 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олохоор хөдөлмөрлөж, мөн сайн дурын ажил хийж байна.


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 1.3 (22.3 хувь) мянга, өмнөх улирлынхаас 0.8 (13.3 хувь) мянган хүнээр нэмэгджээ. Тэдний 6.2 (88.1 хувь) мянга нь эрэгтэй, 0.8 (11.9 хувь) мянга нь эмэгтэй аж. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 56.5 хувь нь БНХАУ-ын, 5.3 хувь нь БНЭУ-ын, 4.9 хувь нь БНСВУ-ын, 4.5 хувь нь ОХУ-ын, 3.8 хувь нь БНСУ-ын, 3.1 хувь нь АНУ-ын, 3.1 хувь нь БНТУ-ын 2.8 хувь нь Австрали, 2.7 хувь нь Филиппин, 2.4 хувь нь ӨАБНУ-ын, 10.9 хувь нь бусад улсын харьяат юм. Насны бүлгээр харьцуулбал 50-54 (16.9 хувь), 45-49 (16.8 хувь) насныхан хамгийн их, 24 хүртэлх (2.8 хувь) насныхан хамгийн бага хувийг эзэлжээ. 


Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2.9 (40.8 хувь) мянга нь Улаанбаатарт, 2.4 (33.7 хувь) мянга нь төвийн, 1.1 (15.8 хувь) мянга нь зүүн, 0.4 (5.7 хувь) мянга нь баруун, 0.3 (4.1 хувь) мянга нь хангайн бүсэд ажиллаж байна. Боловсролын түвшнээр харьцуулбал 3 (42.1 хувь) мянга нь диплом, бакалаврын дээд, 2.5 (35.9 хувь) мянга нь техник мэргэжлийн, 692 (9.8 хувь) нь бүрэн дунд, 604 (8.6 хувь) нь тусгай мэргэжлийн дунд, 138 (2 хувь) нь суурь, 109 (1.5 хувь) нь магистр, докторын боловсролтойг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 


Мөн тэдгээр гадаад иргэдийн 3 (42.4 хувь) мянга нь мэргэжилтэн, 1.6 (22.6 хувь) мянга нь техникч, туслах дэд мэргэжилтэн, 0.9 (13.3 хувь) мянга нь үйлдвэрлэл, барилга, гар урлалын ажилтан, 0.7 (10.2 хувь) мянга нь менежер, 0.6 (8.2 хувь) мянга нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 0.1 (1.8 хувь) мянга нь энгийн ажил, мэргэжил, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан, 64 (0.9 хувь) нь контор, үйлчилгээний ажилтан, 42 (0.6 хувь) нь худалдаа, үйлчилгээний ажилтнаар ажиллаж байгаа аж. 

Манай улсад 2022 оны 3 дугаар улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 2187 (31.1%) нь уул уурхай, олборлолтын, 1641 (23.3%) нь барилгын, 866 (12.3%) нь боловсролын, 748 (10.6%) нь боловсруулах үйлдвэрлэлийн, 513 (7.3%) нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний, 419 (6.0%) нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны, 205 (2.9%) нь үйлчилгээний бусад үйл ажиллагааны, 455 (6.5%) нь бусад салбарт ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэд өмнөх улиралтай харьцуулахад боловсрол (229 хүнээр), уул уурхай олборлолтын салбарт (158 хүнээр) хамгийн их нэмэгдсэн байна

Холбоотой мэдээ