Элэгний В,С вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2016-08-22 13:55:04

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хавсарсан эмгэгээс урьдчилан сэргийлэх  зорилгоор элэгний B,C вирусын шинжилгээ авч, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах арга хэмжээ өнөөдөр Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв (СЗХҮТ)-ийн хоёрдугаар байранд  эхэллээ.

Энэ сарын 25-ыг хүртэл үргэлжлэх уг үйл ажиллагааг СЗХҮТ, “JCI” Лидер ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж байгаа бөгөөд 10 хүн тутмын нэг нь B вирусийн халдвартай байна. Элэгний В, С вирусын халдвар авсан хүмүүсийн 85 хувьд шинж тэмдэг илрэхгүй өвчин даамжирдаг. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байна хэмээн СЗХҮТ-ын дарга Ж.Молор-Эрдэнэ хэллээ.

Арга хэмжээнд лабортарын хоёр эмч, СЗХҮТ-ийн гурван эмч оролцож иргэдийг үнэ төлбөргүй үзэж, зөвлөгөө өгч байна. Түүнчлэн өдөрт 30 иргэнээс шинжилгээ авч, нэг хоногийн дараа хариуг өгөх аж.

Энэ үеэр үзлэгт хамрагдаж буй иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Иргэн С.Цэрэнжанцал, Өмнө нь элэгний В, С вирусын шинжилгээ өгөх бодолтой байсан ч өртөг өндөр учраас өгч чаддаггүй байсан.  Харин өнөөдөр үнэ төлбөргүй шинжилгээ  өгч зөвлөгөө авлаа. Энэ арга хэмжээг зөв зүйтэй гэж бодож байна.

Иргэн М. Батболд,  Харьяа дүүрэг хамааралгүй элэгний В, С вирусын шинжилгээ авч үзлэг хийж байгаад баяртай байна. Иргэдэд хүртээмжтэй үйл ажиллагаа болж байна хэмээн ярьж байна.

М.Дайриймаа

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ