Б.Жонсон Ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөхөөс татгалзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-24 08:52:41

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Консерватив намын даргын албан тушаалд нэрээ дэвшүүлэхээс татгалзлаа. Энэ нь Риши Сунак Их Британийн дараагийн Ерөнхий сайд болох нь бараг л гарцаагүй гэсэн үг. 


Есдүгээрр сарын эхэн хүртэл Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байсан Б.Жонсон Нийтийн танхим дахь Консерватив намын фракцаас авах шаардлагатай 100 гишүүний дэмжлэгийг авсан гэж мэдэгджээ. 102 депутат түүнийг нэр дэвшүүлсэн боловч энэ нь нотлогдоогүй тоо бөгөөд түүнийг дэвшүүлэхийг ил тод дэмжсэн депутатуудын тооноос мэдэгдэхүйц бага байна гэж түүний мэдэгдэлд дурдсан байна. 


Нам доторх санал хураалтад ялж, баасан гаргаас Ерөнхий сайдын суудалдаа эргэн ирэх бүрэн боломж байсан гэж тэрбээр үзэж байгаа боловч “цаг нь болоогүй”, нам дотор нь түүнд олон өрсөлдөгч байгаа бөгөөд фракц эв нэгдэлгүйгээр улс орныг үр дүнтэй удирдах боломжгүй гэж мэдэгджээ. 


Одоо намын даргын төлөөх өрсөлдөөнд 157 депутатын дэмжлэгийг авсан Риши Сунак, нэр дэвшихэд шаардлагатай тооны дэмжлэг авч чадахгүй байж магадгүй Пенни Мордонт нар үлдээд байна. Ням гаргийн орой түүнийг ердөө 25 гишүүн дэмжжээ. Р.Сунак 2020 оны хоёрдугаар сараас 2022 оны долоодугаар сар хүртэл Сангийн сайдын албыг хашиж байсан юм. 


Хэрэв Р.Сунакаас өөр хэн ч Британийн цагаар даваа гаргийн 14:00 цаг хүртэл депутатуудаас хамгийн багадаа 100 хүний дэмжлэгийг авч чадахгүй бол тэрбээр автоматаар намын дарга болж, баасан гаргаас огцорсон Ерөнхий сайд Лиз Трассын халааг авна. 

Холбоотой мэдээ