ЕСБХБ-тай хамтарч авто болон төмөр замын шинэ төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-24 14:14:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Ази, Монголыг хариуцсан бүсийн захирал Сузанна Харгитайг хүлээн авч уулзав.


Уулзалтаар зам, тээврийн салбарт ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх явц, тулгамдсан асуудал, ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх боломжтой төслийн талаар ярилцлаа.


Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж, шинээр 2 эгнээ нэмж барих төслийг ЕСБХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн оны 3 дугаар сараас барилгын ажил эхэлж одоогоор 5 багц ажил хэрэгжүүлж байна.


Сайд С.Бямбацогт Ази, Европ тивийг холбосон Азийн авто замын сүлжээний хэсэг, улс орны хувьд эдийн засгийн ач холбогдол ихтэй Монгол Улсын гол авто замыг өргөтгөн шинэчлэх төсөл зарим шалтгаанаар удааширч иргэдийн дунд шүүмжлэл дагуулж байна. Засгийн газар, яам онцгой анхаарч бүх нөөц бололцоог дайчилж байгааг дурдав.

Төслийн хүрээнд хүлээгдэж байсан хучилтын зузааныг 5 см-аар нэмэх зардал 20 сая ам.долларыг ЕСБХБ-ны нэмэлт санхүүжилтээр шийдэхээр тохиролцлоо.



Хатагтай С.Харгитай ЕСБХБ-ны санхүүжилттэй төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг яаралтай байгуулж үйл ажиллагааг эхлүүлэх, төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн хүрээнд өртсөн иргэдийн асуудал, төслийн гүйцэтгэгч байгууллагын ажиллах хүчний асуудал зэргийг хөндөв. Сайд С.Бямбацогт эдгээр асуудалд яам, бусад холбогдох байгууллага анхаарч зохих арга хэмжээг авахаа илэрхийлэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажил энэ сарын 30-нд дуусахаар байгаа. Үлдэж буй 3 км орчим замын хучилтыг энэ 7 хоногт дуусган тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх юм.  


Талууд төслийн зээлийн гэрээний хугацаа ирэх оны хавар дуусахаар байгааг сунгахаар тохиролцов. Түүнчлэн, одоо хэрэгжиж буй төслөөс гадна ЕСБХБ-тай цаашид авто, төмөр замын салбарт шинээр хэрэгжүүлэх боломжит төслийн талаар ярилцлаа.

Сайд С.Бямбацогт ачаалал ихтэй, нийгэм эдийн засгийн онцгой ач холбогдолтой шинэ чиглэлд авто замын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, шинээр хэрэгжүүлэх төмөр замын төсөлд хөрөнгө оруулах боломж нээлттэйг мэдэгдэв.  


Хэдийгээр өмнө эхлүүлсэн төслийн хэрэгжилт удааширсан ч ЗТХЯ-наас шуурхай арга хэмжээ авснаар сүүлийн үед ажил эрчимжиж байгаад ЕСБХБ талархал илэрхийлээд, өөрсдөөс хамаарах асуудлыг бүрэн хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.

Холбоотой мэдээ