ХОВД: Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 89 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-25 14:55:19

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймагт төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 89 хувьтай явж байна.  


Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хоёр дулааны станц, цахилгаан түгээх сүлжээ компани зэрэг мэргэжлийн байгууллагууд аймгийн Засаг даргын албан даалгаврын дагуу засвар үйлчилгээний ажил хийж, үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлж байна.  


Энэ сард “Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станцын хэрэглэгч, иргэдээс цахим хэлбэрээр санал авчээ. Улмаар 1100 гаруй хэрэглэгч саналаа өгснөөс 95 хувь нь тус компанийн дулааны станцын үйл ажиллагаа дунд, түүнээс доош гэж дүгнэжээ.


Мөн дуудлагын дагуу асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар тодруулахад 70 хувь нь огт шийдвэрлэдэггүй гэж хариулсан байна. Иймээс хүйтний улиралд тус дулааны станцын үйл ажиллагааг сайжруулах, шугам сүлжээний доголдлыг арилгах, иргэд, хэрэглэгчийг ая тухтай  дулаан өвөлжих нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч эхэлжээ.  

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос томилсон мэргэжлийн баг орон нутагт ажиллаж байна. Тус ажлын баг энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл Ховд аймгийн төвд ажиллаж, холбогдох дүгнэлтээ гаргана. Түүнийг үндэслэн цаашид анхаарах асуудал, ажлыг тодорхой болгон ажиллахаар төлөвлөжээ.

“Бадамлах дөл” ХХК-ийн дулааны станц 1986 онд ашиглалтад орсон бөгөөд сүүлийн жилүүдэд тус дулааны станцын үйл ажиллагаа,  дулаан хангамж доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь иргэдийн шүүмжлэл дагуулж буй.

Холбоотой мэдээ