Эрчим хүчний тасралтаас болж хэрэглэгчдийг хохироохгүй байхыг сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-22 15:23:03

Архангай аймгийн эрчим зохицуулах зөвлөлөөс 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай есөн заалт бүхий албан үүргийг Эрдэнэбулган сумын Засаг дарга бөгөөд Цэцэрлэг хотын захирагч Э.Оюунчимэгт өглөө.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Адуучин удам”, “Гурвантамир” ХХК, Орхон нутгийн өмчит үйлдвэрийн газар болох “Ундарга” компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын тал дээр, ялангуяа даралтын хэмжүүрүүд, хамгаалах клапан зэргийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зуух даралтат савны дүрэм зааврыг дагаж мөрдөхийг онцгойлон анхаарууллаа.

Халаалтын улиралд цахилгаан эрчим хүчний тасралтаас болж халаалтын горим чанар, найдвартай ажиллагаа тасалдаж хэрэглэгчдийг хохироох, цаашлаад төлбөрийн асуудал дээр маргаан гарч хүндрэл үүсэх зэрэг явдал гардаг тул цахилгаан түгээгч компаниуд онцгойлон анхаарахыг санууллаа.

Түүнчлэн өвлийн оргил ачааллын үед гэмтэл гарсан газруудыг аль болохуйц, тус тусад нь хэсэгчлэн хааж таслах, болзошгүй эвдрэл гэмтлийн хэрэгцээнд сэлбэг хэрэглэгдэхүүнийг хангалттай нөөцлөх зэргээр албан даалгаврын заалт бүрийг нарийвчлан тооцож, ажлын хэрэгжилтийг 2016  оны есдүгээр сарын 15-ны дотор тус зөвлөлд танилцуулахыг мэдэгдлээ.

Л.Булган

Холбоотой мэдээ