“Дөрвөд, Баяд бий биелгээний шавь сургалт”-ын тайлан тоглолт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр Уламжлалт бүжгийн урлаг Бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгоор “Дөрвөд, Баяд бий биелгээний шавь сургалт”-ыг Соёлын өвийн үндэсний төв, “Монголын язгуур урлагийг өвлөн уламжлагчдын нэгдсэн холбоо” НҮТББ хамтран зохион байгуулж, тайлан тоглолтыг Соёлын өвийн үндэсний төвийн “ӨВ ЭРДЭНЭ” бага театрт 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хийлээ.
Тус сургалтыг Соёлын биет бус өвийн Шилдэг өвлөн уламжлагч Г.Баяртай 2022 оны 6-р сарын 15-наас 8-р сарын 15-нд удирдан явуулсан бөгөөд Дөрвөд, Баяд угсаатны “Цацал”, “Жороо морь”, дөрвөн ойрдын “Жаргалын биелгээ”, баядын “Элхэнцэг” зэрэг нутгийн дуут бий биелгээг нийт 40 хүнд анхан шатны байдлаар заан сургажээ.
“Бий биелгээ” нь олон угсаатны бүлгүүдийн хэл, түүх, уламжлал, заншил, дуу хөгжим, үлгэр, домог, туульс, хувцас өмсгөл, тоглоом наадам зэргийг өргөн утга агуулгаар нь өөртөө цогцлоон багтааж уламжилдаг, тэдний амьдрал, үйл ажиллагааны өвөрмөц ахуй байдал, ёс заншил, уламжлал, сэтгэлгээний онцлогийг биеийн хөдөлгөөнөөр илэрхийлэх бүжгийн урлаг юм.
Уламжлалт бүжгийн урлаг бий биелгээг 2009 онд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотод зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны IV хурлаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан юм.