“Ноос, ноолуурын салбарын тогтвортой үйлдвэрлэл” үндэсний стандартыг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-28 16:19:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын ноос, ноолуурын салбарт тогтвортой үйлдвэрлэлийг дэмжсэн стандартыг батлан гаргаад байна.


Үйлдвэрүүд энэхүү стандартыг мөрдөж эхэлснээр байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна олон улсын зах зээлд борлуулалт хийх давуу эрх, боломж бүрдэж байгаа юм. Ингэснээр манай улсад ноос ноолуурын болон хөнгөн үйлдвэрийн салбар тогтвортой хөгжих эхлэл тавигдаж байна. Мөн малчдын амьжиргаа болон улс орны эдийн засагт бодитой дэмжлэг болно гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.


Монголын нэхмэлийн салбарт тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг” нэрийн дор хаалтаа хийлээ.


Төсөл хэрэгжсэн өнгөрсөн 4 жилд 6000 гаруй малчин хоршоологч нарт сургалт зохион байгуулж, тогтвортой үйлдвэрлэлийн талаар мэдлэг олгожээ. Мөн ноос, ноолуурын үйлдвэрүүдэд үндэсний стандартыг мөрдүүлж эхлээд байна.


Энэ талаар Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз хэлэхдээ, Европын холбооноос Монгол Улсын ноос, ноолуурын салбарт хэд хэдэн төслийг үр дүнтэй хэрэгжүүлээд буйг дурдаж, энд сарлагийн хөөвөр боловсруулж бэлтгэн зах зээлд нийлүүлэх үйл ажиллагааг дэмжсэн төслийг онцолж байна.


Түүнчлэн ноос, ноолуурын салбарыг тогтвортой хөгжүүлэх Үндэсний стандартыг баталж, ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласныг дурдлаа. Төслүүд үндэсний үйлдвэрүүдээс гадна олон мянган малчин, хоршоологч нарт хүрч ажиллаж буйг мөн хэллээ.


Харин Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн, энэ удаагийн төслийн хэрэгжилтийн үр дүнг гурван зүйлээр онцолж байлаа. Үүнд:

  • цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж гарах,
  • мөн байгальд ээлтэй байдлаар үйлдвэрлэл явуулахад тодорхой ахиц гарсан гэж үзэж байна.
  • Үүнээс гадна малчдыг чадавхжуулахад анхаарч ажилласныг дурдлаа. Мөн Монголын үндэсний үйлдэрлэгчид Европын зах зээлд борлуулалт хийхэд дэвшил гарсныг онцоллоо.

Монголын нэхмэлийн салбарт тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн үр дүнд Монгол Улсад тогтвортой хөгжлийг дэмжсэн анхны стандарт болж буйг мэргэжилтнүүд онцлон дурдаж, Тогтвортой үйлдвэрлэл гэдэг тогтвортой эдийн засгийн баталгаа болдгийг хэлж байна.


Үндэсний үйлдвэрлэгч нарт олгох ногоон зээл хэдхэн жилийн өмнө тэг байсан бол өнөөдөр үндэсний 19 үйлдвэрлэгч энэхүү зээлийг хүртээд буй үр дүнтэй байна.  

Холбоотой мэдээ