Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль болон Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдсаны 30 жил, Улаанбаатар хот байгуулагдсаны 383 жилийн ойд зориулсан НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо.
Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх
засаглалаас тусгаарлан бие даасан бөгөөд 1992 онд шинэ Үндсэн хуульд “Нутгийн
өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг
хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу өөрөө удирдах шинэ, ардчилсан тогтолцооны суурь
тавигджээ.
Хуралдааныг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нээсний дараа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болгосноор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг
хүндэтгэн залсан юм. Ойг
тохиолдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын дэвшүүлсэн мэндчилгээг уншиж
танилцуулан, НИТХ-ын дарга
Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар
баяр хүргэж, үг хэллээ.
Д.Сумъяабазар энэ үеэр хотод тулгамдаж буй асуудлыг нэгдмэл
бодлогоор хамтран шийдэхээр зорьж
байгаа нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, төлөөлөлд талархал илэрхийлэв. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилд НЗДТГ, НИТХ хамтран хотын өмнө,
нийслэлчүүдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдэж ирсэн. Цаашид ч нутгийн
өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын хөгжлийг төлөвшүүлж, хотод
тулгамдаж буй шийдэх ёстой, хүлээгдэж
байгаа олон чухал сэдвийг хөндөж, олон ажил хамтарч хийнэ” хэмээснийг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээллээ.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хурлын үеэр “Нутгийн өөрөө
удирдах шинэ ардчилсан тогтолцооны 30 жилд нийслэлийн иргэдийн эрхэм дээд
шийдвэр, эрх чөлөөт сонголтоор 8
удаагийн хуралд 383 төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг,
эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалж ирсэн. Нийслэл хотоо иргэдийнхээ хүсэл
шаардлагад нийцсэн метрополис хот, инновац технологид суурилсан хөгжлийн төв,
эдийн засгийн хөгжлийн бааз суурь, дэд бүтэцтэй болгох үүрэг бидэнд ногдож
байна” гэсэн юм.
Өнгөрсөн 30 жилд нутгийн өөрөө удирдах байгууллага хэрхэн
хөгжсөнийг иргэд, олон нийтэд
танилцуулах хүндэтгэлийн энэ үйл
ажиллагаанд УИХ, ЗГХЭГ-ын төлөөлөл,
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын
дарга, төлөөлөгч, нийслэлийн үе үеийн удирдлага, Монгол Улсад Суугаа
Элчин сайд нар болон олон
улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Холбоотой мэдээ

