Буудлага спортынхонд батламж олгож, шагнал гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-02 09:34:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны хүндэтгэлийн танхимд буудлага спортын “Каир-2022” насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

 

Энэхүү хүндэтгэлийн ёслолд Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан нар оролцов.

 

Ёслолын үеэр гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, Э.Даваахүү, О.Есүгэн, Ц.Мөнхзул, Э.Хишигдэлгэр, Т.Баярцэцэг нарт Биеийн тамирын тэргүүний ажилтан цол тэмдэг гардууллаа.

 

“Каир-2022” ДАШТ-ий холимог багийн 50 метрийн гар бууны дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар нийлбэр дүнгээр 539 оноо авч мөнгөн медаль хүртсэн юм.

 

Мөн 25 метрийн төвийн галтай бууны /Center Fire Pistol / эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ц.Мөнхзул алтан медаль хүртсэн бөгөөд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Түүнчлэн энэ дасгалд Т.Баярцэцэг мөнгө, Э.Хишигдэлгэр хүрэл медалийн эзэд болсон юм.

Холбоотой мэдээ