Филиппинийг хүчтэй шуурга дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-11-02 12:47:44

БАНГКОК. /TASS/. Филиппинийг дайрсан “Налжи” хэмээх халуун орны шуурганд 3.18 сая гаруй хүн өртжээ. Тус улсын Эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний зөвлөлөөс мэдээлснээр, шуурганы улмаас 121 хүн амиа алдсан байна.


Одоогийн байдлаар 869.2 мянган хүн нүүлгэн шилжүүлэх 2900 төвд байрлаж байна. 347.4 мянга гаруй хүн шуурга дайрахаас өмнө орон гэрээ орхижээ. Байгалийн гамшгийн улмаас 103 хүн янз бүрийн гэмтэл авч, 36 хүн сураггүй болсонд тооцогдож байна.


“Налжи” шуурга Филиппиний 13 бүс нутагт үер, хөрсний гулгалт зэрэг гамшиг дагуулжээ. 


Байгалийн гамшгийн улмаас 9.19 мянган байшин эвдэрч, 2.1 мянга нь сүйдсэн байна. Дэд бүтцийн 141 байгууламжид учирсан хохирол 896.8 сая песо буюу 15.4 сая ам.доллароор хэмжигдэж байна. Гамшгийн улмаас 480 зам, 121 гүүр эвдэрчээ. 297 хотод цахилгаан тасарсан боловч 149 хотод сэргээсэн байна. 41 хотын харилцаа холбоо, 12 хотод ус хангамж тасалдсан хэвээр байна.


659 боловсролын байгууллага, 230 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоожээ. 164 хот, мужид онцгой байдал зарлаад байна. Хөдөө аж ахуйн салбарт учирсан хохирол 1.28 тэрбум песо буюу 21.99 сая ам.доллароор хэмжигджээ. Тус улсын Засгийн газар гамшигт өртсөн бүс нутгуудад тусламж үзүүлэхэд 71.59 сая песо буюу 1.22 сая ам.доллар хуваарилсан байна.

Холбоотой мэдээ