Засгийн газар хоорондын хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-02 16:51:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой нар аялал жуулчлал, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцон, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн санамж бичигт гарын үсэг зурлаа.


Ковид цар тахлын улмаас тэг зогсолт хийгээд байсан аялал жуулчлалын салбар Турк улсын хувьд бүрэн сэргэж, тогтмол өссөн үзүүлэлттэй байгааг уулзалтын үеэр Соёл, Аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсойг тэмдэглээд, аялал жуулчлал тэр дундаа зочид буудал, үйлчилгээний салбарт магадлан итгэмжлэлийг нэвтрүүлж, ковид цар тахлын дараах нөхцөл байдалд нийцүүлэн холбогдох хууль, тогтоомжийг өөрчилж, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг хангахад анхаарч байна гэв. БНТУ иргэний агаарын тээврийн “Туркиш эйрлайнс” компани дэлхийн хамгийн олон улс оронд нислэг үйлдэж байгаа төдийгүй тус компанийн нислэгээр дамжуулан гадаад улсаас Монголыг зорих жуулчдын урсгалыг нэмэх боломжтойг тэрбээр онцоллоо. 


Уулзалтаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хамтын ажиллагааны хүрээнд 4 чиглэлд хамтран ажиллаж, дэмжихийг хүссэн юм. Тодруулбал, 2023 оны эхний улиралд багтан хоёр орын аялал жуулчлалын холбоодтой хамтран нэгдсэн форум зохион байгуулах, Истанбул хот дахь Топкапы ордон музейд цорын ганц эх хувиараа хадгалагдаж буй “Судрын чуулган”-ыг Монгол Улсын Чингис хааны музейд залж, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, “Судрын чуулган”-ы эх хуулбарыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, Хархорин хотод олон улсын зэрэглэлд бүрэн нийцсэн нисэх онгоцны буудал барих, Монгол судлаачид Туркийн Ван мужид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээн илрүүлсэн нь Монгол, Туркийн соёлын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн гэдгийг онцлоод, 2023 оны 4 дүгээр сараас эхлэн МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь тус дурсгалт газарт археологийн малтлага хийх судалгааны ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэв. 



Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой хэлэхдээ, "Туркийн Ван мужид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн зуны ордтой холбоотой зөвшөөрлийг айлчлалын бүрэлдэхүүнд багтсан, Соёлын дурсгалт газруудыг хариуцсан газрын захирал хариуцдаг тул ярилцаж болох байх. Турк Улс сүүлийн 20 жилд нисэх онгоцны 30 гаруй буудал барьсан. Хархорины нисэх онгоцны буудлын тухайд хөрөнгө оруулалт, барилга угсралт, ТЭЗҮ боловсруулсан байх ёстой. Ямар онцлогтой нисэх буудал болох, алсын хараа юу байх талаар санал солилцох шаардлагатай. Туркийн компаниуд нисэх онгоцны буудлыг богино хугацаанд чанартай барих туршлага бий. Истанбул хот дахь Топкапы ордон музейд хадгалагдаж буй “Судрын чуулган” нь манай яаманд хамаагүй, Ерөнхийлөгчийн албан харьяалагддаг тул эхний ээлжинд хүсэлтээ гаргавал бид дэмжлэг үзүүлэх боломжтой" хэмээн хариулсан юм. 


Уулзалтаар талууд Монгол нутаг дахь Түрэгийн үеийн түүх соёлын дурсгалт газрыг судлах, хамгаалах, түгээн сурталчилж, олон улсын жуулчдыг татах, түүх, соёлын газарт түшиглэсэн бүтээн байгуулалт барих, Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх салбар гэж тодорхойлсонтой холбогдуулан 2 улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав. Түүнчлэн, аялал жуулчлалын салбарт хийх томоохон бүтээн байгуулалтын нэг болох Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, нисэх онгоцны буудал байгуулах, аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулах, бага хуралд хамтран оролцох, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санал солилцлоо.



Монгол судлаачид энэ онд Туркийн Ван мужид Хүлэгү хааны байгуулсан Аладагийн зуны ордны туурийг нээн илрүүлсэн нь Монгол, Туркийн соёлын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудас нээснийг онцлоод, ирэх оны 4 дүгээр сараас эхлэн МУИС, Измир Катип Челеби их сургуулийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэн нь тус дурсгалт газарт археологийн малтлага, судалгаа хийхэд Туркийн Соёл, аялал жуулчлалын яамнаас холбогдох зөвшөөрөл олгон, бодлогоор дэмжиж, хамтарч ажиллахыг хүсэв.


Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНТУ-ын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Монгол Улсад Турк улсаас энэ онд нийт 2600 гаруй жуулчин ирсэн нь өмнөх жилийнхээс 53 хувиар нэмэгджээ. 

Холбоотой мэдээ