ДАРХАН-УУЛ: Сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан бичил уурхайчид үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-02 18:54:28

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд өөрчлөлт орсон. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаар тогтоол батлагдаж хэрхэн ажиллах тухай журмыг баталсан. Энэ дагуу Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос орон нутагт журмын танилцуулга хийж байна.


Уг журам нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй нөөц, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн ажлын байр нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Энэ хүрээнд бичил уурхайн эрхзүйн орчин, татвар, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж, бичил уурхайн нөхөн сэргээлт хэрхэн хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрхэн хангах гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар, Бичил уурхайн мэргэжлийн холбоо хамтран Дархан-Уул аймагт анхны сургалт, зөвлгөөнийг зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг албан ёсны бүртгэлтэй 18 нөхөрлөлийн 250 гаруй гишүүн хамрагдаж байна. Зөвхөн нөхөрлөлийн тэргүүн мэдээлэлтэй танилцах бус бүх гишүүнийг хамруулж эрх үүрэг, тогтоол, журамд заагдсаныг хэрхэн биелүүлэх, ханган ажиллахад мэдлэг мэдээлэл хэрэгтэйг зохион байгуулагчид онцолж байна.

Уг сургалтад хамрагдсан нөхөрлөл, гишүүн бүрт гэрчилгээ гардуулж цахим хэлбэрт шилжих ажээ. Ингэснээр тухайн аймаг, сумыг мэдээллээр хангахын зэрэгцээ үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөл нь албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг мэдэх боломжтой аж. Тодруулбал албан ёсны сургалтад хамрагдсан, гэрчилгээтэй, хуулийн дагуу дүгнэлттэй талбайд ашигт малтмал олборлож буй гэдгийг баталгаажуулна. Харин дээрх баталгаажуулалтаас бусдаар ашигт малтмал олборлож байгаа бол бичил уурхай биш хууль бус үйл ажиллагаа гэдгийг ялгах хэрэгтэйг мөн онцолж байлаа. 

Түүнчлэн уг журамд бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход хориглох зүйлийг тодорхой заажээ. Жишээ нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох, үйл ажиллагаанд өмнө нь хөндөгдөөгүй болон нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн газар ашиглахыг хориглосон. Мөн төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргаагүй талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хориглоно гэж тусгажээ.

Бичил уурхай эрхлэгчийн эрх, үүрэг гэж бий. Тодруулбал нөхөн сэргээлтийг бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлт хийх аргачлал, зааврын дагуу гүйцэтгэн, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгч, эвдрэлд орсон талбайн хэмжээ, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлж бүртгүүлэх. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахын өмнө бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах барьцаа хөрөнгийг тухайн сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулах, тэсэлгээний ажлыг тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, олборлолтын талбайд 18 нас хүрээгүй иргэнийг оруулахгүй байх, үйл ажиллагаанаас олсон орлогоос хуульд заасны дагуу татвар төлөх зэрэг үүрэгтэй ажээ.

Цаашид засгийн газрын тогтоол, журмын хэрэгжилтийг хангахад аймаг, сумын удирдлагууд хуулийн хүрээнд бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хууль, бодлогын зөвлөх Г.Мөнхцэцэг хэлж байлаа.

Холбоотой мэдээ