Хэт халах үзэгдлийн улмаас нас барсан хүний тоо өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-11-03 15:53:57

ЛОНДОН. /Kyodo/. Хэт халах үзэгдлийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 2000 оноос хойших 20 жилийн хугацаанд 68 хувиар өссөнөөс гадна уур амьсгалын өөрчлөлт олон оронд хүнсний хомсдол нүүрлэхэд нөлөөлж байгааг олон улсын судлаачдын багийн хийсэн судалгаа харуулжээ.


Сэргээгдэх эрчим хүч рүү нэн даруй шилжихийг уриалж буй судлаачид дэлхийн улсын орнуудын засгийн газрууд, корпорациудыг хүний эрүүл мэндээс илүү малтмал түлшний хэрэглээг чухалчилж байна хэмээн шүүмжилсэн байна.


Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь чуулган /COP27/ Египетийн Шарм Эль-Шейх хотод энэ долоо хоногийн ням гарагт эхлэх гэж буйг угтан уг судалгааг Их Британийн “Lancet” анагаах ухааны сэтгүүлд нийтэлжээ.


Судлаачид дэлхийн агаарын температурыг өсөлт нийгмийн эрүүл мэнд, эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийсний дүнд 2017-2021 онд хэт халах үзэгдлээс үүдэлтэй нас баралт 2000-2004 оныхоос 68 хувиар өссөнийг тогтоосон байна.


Мөн дэлхийн температурын өсөлт нь газар тариалангийн ургацад улам их аюул учруулах болоод байна. Тодруулбал, 2020 онд дэлхийн 103 оронд хүнсний хомдсолын улмаас шаналж буй хүмүүсийн тоог 1981-2010 оны дундажтай харьцуулахад 98 саяар нэмэгдсэн болохыг судалгаанд дурджээ.


Дэлхийн дулаарал нь мөн халдварт өвчин тархах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаагаас денге чичрэг өвчин тархах эрсдэл 2021 он хүртэлх 10 жилийн хугацаанд 1951-1960 оныхоос 12 хувиар өссөн байна. “Денге чичрэг, “COVID-19” халдвар зэрэгцэн тархаж байгаа нь Өмнөд Америк, Ази, Африкийн олон бүс нутагт эрүүл мэндийн тогтолцоонд ихээхэн дарамт учруулж байгааг судлаачид онцолжээ. 

Холбоотой мэдээ