Жүдогийн ДАШТ-ий медальтнуудаа хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-04 09:43:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-д Монголын баг тамирчид урамтай барилдаж, алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар багийн дүнгээр 4 дүгээр байрт жагссан юм.

 

Тодруулбал, Ц.Цогтбаатар Токиогийн олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж, жүдо бөхийн 5 дахь дэлхийн аварга болсон бол Э.Ариунболд 60 кг жинд уламжлалыг үргэлжлүүлж, мөнгөн медальтай ирсэн билээ.

 

Мөн ОУХМ Л.Энхрийлэн, Д.Сумъяа аваргынхаа залгамж халааг авч явж чадна гэдгээ харуулан дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртсэн билээ.

 

Жүдо бөхийн дэлхийн медальт тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр хүлээн авч уулзан шагнаж урамшууллаа. Уг уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар нар байлцав.

 




Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг жүдочдод, Тамирчдын комиссоос хийж хэрэгжүүлдэг ажлуудыг танилцуулж, тамирчдын сурч боловсрох боломж байгаа талаар мэдээлэл өглөө.

 

Мөн “Тамирчид өндөр амжилт гаргах тусам ёс суртахуунтай байж, залуу үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй” гэдгийг Ерөнхийлөгч Б.Баттүшиг сануулан хэлж, Парисын олимпын мөчлөгт жүдогийн тамирчдыг бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.



Холбоотой мэдээ