Тээвэрлэлт 3.7 дахин нэмэгдэж, 15.8 сая ам.доллар улсын төсөвт төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-04 09:49:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д улсын гадаад валютын нөөцийг нэмэх үүрэг өгсний дагуу Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт дунджаар 650 гаруй тээврийн хэрэгслээр 74.8 мянган тн нүүрс гаргаж, тээвэрлэлт өмнөх 7 хоногийнхоос 3.7 дахин нэмэгджээ.


10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд 378 мянган тонн нүүрс гаргаж, 15.8 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлснийг “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээллээ. Мөн уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 хувь болгон багасгах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах нүүрсний хэмжээг нэмэх хэлцэл хийж байна.


Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 6 сарын хугацаанд онцгой дэгдлэм тогтоогоод байгаа. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэхийг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон билээ. Цаашид төлөвлөгөөний дагуу тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулан, 2022 оны эцэст улсын төсөвт 500 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой аж.



Холбоотой мэдээ