Р.Сунак уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтуудаа биелүүлэхийг уриална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-07 16:07:51

ЛОНДОН. /Reuters/. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Египет улсад болж буй НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн дулааралтай тэмцэх амлалтуудаа биелүүлэхийг дэлхийн удирдагчдад уриална.


Өнгөрсөн сард Ерөнхий сайдаар томилогдсон Р.Сунак Их Британийн эдийн засгийн асуудлыг зохицуулахад анхаарлаа хандуулахын тулд “COP27” дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж өмнө нь мэдэгдээд байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байсан юм.


Харин одоо тэрбээр энэхүү үйл ажиллагаанд оролцож үг хэлэх 100 гаруй удирдагчийн нэг болоод байна. Түүний хувьд өнгөрсөн онд Шотландын Глазго хотод болсон “COP26”-гийн үеэр өгсөн үүрэг амлалтуудаа биелүүлэхийг Засгийн газруудад уриалах төлөвтэй байна.


“Дэлхий дахин дэлхийн температурын өсөлтийг 1.5 хэмд тогтоон барих төлөвлөгөөг боловсруулах сүүлчийн боломжоороо Глазгод цугларсан. Харин өнөөдөр бидэнд тэдгээр амлалтаа биелүүлэхийн тулд хамтран ажиллаж чадах уу? гэсэн асуулт тулгарч байна” хэмээн Р.Сунак хэлнэ гэж түүний ажлын албанаас танилцуулсан баримт бичигт дурджээ.


Ийм боломж улам бүр багасах болоод байгаа бөгөөд өнгөрсөн сарын сүүлээр танилцуулсан НҮБ-ын тайланд Засгийн газруудын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүрэг амлалт нь дэлхийн температурыг энэ зууны эцэс гэхэд дунджаар цельсийн 2.8 хэмээр нэмэгдүүлэх төлөвтэй байгааг анхааруулсан юм.


Р.Сунак НҮБ-ын бага хурлын хүрээнд Франц, Италийн Ерөнхий сайд нартай уулзана. 

Холбоотой мэдээ