Энэтхэгийн ITEC хөтөлбөрийн 58 жилийн ойг тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-14 10:00:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн Элчин сайдын яам Энэтхэг чадавхийг бэхжүүлэх тэргүүлэх хөтөлбөр Энэтхэгийн техник, эдийн засгийн хамтын ажиллагаа /ITEC/ байгуулагдсаны 58 жилийн ойг Blue Sky зочид буудалд энэ сарын 11-нд тэмдэглэв.


Ёслолыг нээж БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Сүүлийн 30 гаруй жилийн туршид манай оюун санааны хөрш Монгол Улсад салбар бүрийн хүний нөөцийн чадавхиа бэхжүүлэхэд нь хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Монголыэн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах Энэтхэг Улсаас дэмжиж буй хамгийн том төсөл болох Дорноговь аймагт барьж буй 1.236 тэрбум ам.долларын өртөг бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, ШУТИС-тай хамтран Улаанбаатар хотод 20 сая ам.долларын хөрөнгө оруулалттай Мэдээллийн технологи харилцаа холбоо, Аутсорсингийн төв, Зайсанд барьж буй Энэтхэг-Монголын Найрамдлын дунд сургуулийн төслүүдийг хамтран хэрэгжүүлж байгаа нь Энэтхэг, Монгол Улс хүчирхэг, найдвартай хөгжлийн түншүүд болсны илэрхийлэл юм.

Энэтхэг Улс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад шаардлагатай хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байна. Шинэ дүрэм журмын дагуу тодорхой хугацааны дараа шаардлага хангаж буй төгсөгчид ITEC/ ICCR-ийн хөтөлбөрт хоёр дахь удаа хамрагдах боломжтой болсныг дуулгахад таатай байна” гэв.


Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн П.Дамдинням болон ITEC-ийн дөрвөн төгсөгч Энэтхэгт суралцаж байсан туршлага, Энэтхэгийн дээд сургуулиас олж авсан мэдлэг нь тэдний ур чадварыг хэрхэн баяжуулж, сайжруулж байгаа тухай хуваалцсан юм.


ITEC хөтөлбөрийг 1964 оны 9 дүгээр сарын 15-нд Энэтхэгийн Засгийн газраас эхлүүлсэн. Сүүлийн 57 жилийн хугацаанд ITEC Энэтхэгийн томоохон институтиудад дэлхийн 160 орны 200 мянга гаруй төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, сургах замаар Энэтхэгийн өсөлт, хөгжлийн асар их туршлагыг хуваалцах хэрэгсэл болсон юм.

ITEC Мэдээллийн технологи, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, засаглал, бизнес эрхлэлт, эрчим хүч, парламент судлал гэх мэт олон төрлийн мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдэд жил бүр 12,000 орчим тэтгэлэг олгодог бөгөөд цаашид өргөжүүлэх эрэлт хэрэгцээтэй байна.


Монгол Улс бол Энэтхэгийн ITEC хөтөлбөрийн тэргүүлэгч түншүүдийн нэг юм. Энэтхэгийн Засгийн газар жил бүр иргэний чиглэлээр 200, батлан хамгаалах чиглэлээр зөвхөн ITEC хөтөлбөрийн хүрээнд 15 тэтгэлэг санал болгодог бөгөөд үүнээс гадна дээд боловсролын 50 ICCR тэтгэлэг, хинди хэл сурах 4 тэтгэлэг олгодог. 

ITEC хөтөлбөрийн үр шимийг одоогоор 3500 гаруй монгол хүн хүртээд байна. Монголын төгсөгчид зөвхөн англи хэлний мэдлэг олгох сургалтад хамрагдаад зогсохгүй том мэдээллийн дүн шинжилгээ хийх, сонгуулийн менежментийн чадавхийг хөгжүүлэх, иогийн курс, шинжлэх ухаан, технологийн инновацийн бодлого, банк, санхүүгийн менежмент зэрэг чиглэлээр мэргэшсэн хөтөлбөрт хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар 2022 онд богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрт нийт 80 монгол залуус хамрагдсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт иог болон эрүүл мэндийн чиглэлээр 31 хүн, Нарны эрчим хүчний сургалтад хөдөөгийн 28 эмэгтэй Энэтхэг Улсыг зориод байна. Мөн Энэтхэгийн Засгийн газрын ICCR буюу урт хугацааны бакалавр, магистр, докторантурын тэтгэлэгт хөтөлбөрт 46 монгол залуу хамрагджээ.



Холбоотой мэдээ