ХОВД: Нүүрс авахын тулд иргэд 20 гаруй хоног дараалалд зогсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-14 14:11:22

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Хөшөөтийн уурхайд зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.  

Энэ үеэр төлөөлөгч нар орон нутгийн нүүрс олборлох үйл ажиллагаа, хуурай баяжуулах үйлдвэртэй танилцсан бөгөөд "Мо-Эн-Ко" ХХК-ийн удирдлага болон инженерүүдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.   

Хөшөөт төсөлд эдүгээ 2400 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллах хүчний 80-аас дээш хувь нь Ховд аймгийн иргэд байгаа юм. 

Хөшөөтийн уурхай 2022-2023 онд Ховд аймгийн 17 сумын иргэдэд 35 мянган тонн бүхэл нүүрсийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх ёстойгоос одоогоор сумдад нүүр олголт 40 гаруй хувьтай явж байна.


Эрхийн бичиг (талон) ашиглан Хөшөөтийн уурхайгаас нүүрс татан авах гэсэн иргэд, тээврийн хэрэгслийн дараалал их, уурхайн ачаалал өндөр хувьтай,  иргэд жолооч нар олон хоногоор хүлээж байна. Зарим иргэн Хөшөөтийн уурхайн талбайд дараалал үүсгэн 20 гаруй хоног зогсож байгаа талаар ярилаа.  


"Мо-Эн-Ко" ХХК-иас өгч буй мэдээллээр ордын нөөц, геологийн тогтцоос шалтгаалан нүүрс, чулуулгийн холимог болон нунтаг их, ангилан ялгалт удаашралтай байгаа учраас ийм нөхцөл үүсжээ. 


Одоогийн байдлаар орон нутгийн нүүрс нийлүүлэлтийн талбайд өдөрт дунджаар 25-30 машин нүүрс буюу 800-1000 тонн нүүрс буулгаж, шигшээд, чулуулгийг гараар ялгахад бүхэл нүүрсний гарц 15-20 хувьтай байна. 


Өөрөөр хэлбэл 1000 тонн нүүрснээс хамгийн ихдээ 150 тонн бүхэл нүүрс гарч байгаа учраас хоёр автомат болон хоёр босоо шигшүүр зэрэг ажиллуулж, ажиллах хүчний тоог нэмэгдүүлсэн ч өдөрт хоёр том оврын (шалаанз), хоёр дунд оврын машин гаргаж байна.

Цаашид цаг агаарын төлөв илүү хүйтрэх тул ууланд шинээр тэсэлгээ хийх, энэ онд шинээр ашиглалтад оруулсан моторт шигшүүрийн технологийг өөрчилж, гарцыг нэмэгдүүлэхээр боллоо.

Түүнчлэн налуу шигшүүрийг нэмэгдүүлж, өдөрт том оврын машин (шалаанз) гурав, дунд оврын машин 3-4, бага оврын машинд дугаарлалт харгалзахгүйгээр оруулж гаргахаар болов. 


Жил бүр ийм ачаалал үүсдэг. Тиймээс дараа жилээс орон нутгийн нүүрс олгох ажлыг наймдугаар сараас эхлэн олгох зохицуулалт хийж ажиллах нь зүйтэй гэж
албаныхан хэлэв.

Айл өрхөд олгож байгаа нүүрсний чанарыг сайжруулах, жолооч нарт талбайн нөхцөл байдлыг таниулах замаар үйл ажиллагааг илүү нээлттэй болгох, нүүрс ачилтын талбай, налуу шигшүүрийн тоог нэмэгдүүлэх, олон өдрийн дарааллыг бууруулах,  Хөшөөтийн уурхайгаас төв зам хүртэл 32 км хатуу хучилттай авто замыг барих, орчны тоосжилтын асуудлыг арилгах, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, Нөлөөллийн бүс болох Цэцэг сумын Хөшөөт багт ундны цэвэр усны хангамжийг сайжруулж, худаг гаргах, инжeнeрийн шугам сүлжээ, дэд бүтцийг өргөжүүлэх чиглэлд компанийн зүгээс анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг төлөөлөгч нар хэлж байлаа.

Дээрх уулзалтыг 
Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас энэ сарын 11-ний өдөр “Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааны  хүрээнд зохион байгуулсан нь энэ юм.


Холбоотой мэдээ